ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВЫГ ҮҮРЭЭР ЦАГДАН ХОРИЛОО
Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр АТГ-аас цагдан хорьжээ. АТГ-аас өчигдөр Д.Дорлигжавын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн юм.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд асан, Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавыг цагдан хорьжээ.
Эргэн сануулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудлаар бие биенээ шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа юм.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Ингэхдээ дээрх валютыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан” гэсэн тайлбар хийсэн билээ.