ОРОН НУТАГТ ЦАГ АГААРААС ҮҮДЭЛТЭЙ ХҮНДРЭЛ ГАРААГҮЙ ГЭВ

ОРОН НУТАГТ ЦАГ АГААРААС ҮҮДЭЛТЭЙ ХҮНДРЭЛ ГАРААГҮЙ ГЭВ

 

Өнгөрсөн  амралтын өдрүүдэд нийт нутгаар салхи 18-26 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хур тунадас орсон.

Хүчтэй салхи, шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас үүрэг чиглэл өгч, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэрийг гаргуулан ажилласан юм.

Хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг үндэслэн  Цаг уурын байгууллагатай хамтран олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон “Багц мессэж”  үйлчилгээгээр дамжуулан 21 аймгийн 334 сумын 402,756 иргэнд, мөн “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи-мобайл” ХХК-ийн нийт 2.345.788 хэрэглэгчдэд мэдээллийг шуурхай хүргэсэн.

Дээрх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон, хөлдөж, осгосон, цасанд боогдсон, малтайгаа уруудсан зэрэг хүндрэл орон нутагт гараагүй байна.

Түүнчлэн иргэд Онцгой байдлын байгууллагатай холбогдож цаг агаарын болон зам давааны нөхцөл байдлын талаар асууж, мэдээлэл, сэрэмжлүүлгийн дагуу ажил, төрлөө зөв зохицуулсан нь хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen