Нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх оноос өснө
Энэ онд түүхий эдийн ханш өмнөх жилтэй харьцуулахад өсөлттэй байна. Дэлхийн банк тэргүүтэй зарим судалгааны байгууллага нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх онд ч гэсэн өснө гэсэн таамаглал дэвшүүлжээ.
ГАЗРЫН TOC 2025 ОНД 86 АМ.ДОЛЛАР ХҮРНЭ
Өнгөрсөн есдүгээр сард баррель тутамдаа 49.82 ам.доллар байсан газрын тосны ханш өнгөрсөн сард 51.58 ам.доллар болсон бол энэ сарын эхээр 62 ам.доллар болж огцом өсөөд байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 26.55 ам.доллар болж сүүлийн 13 жилийн хамгийн доод төвшинд хүрсэн билээ. 2014 онд баррель тутамдаа 100 ам.доллар давж байсан нефтийн ханш сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаа. Газрын тосны ханш тогтворгүй байгаа нь гурван шалтгаантай.
Нэгдүгээрт, АНУ-ын түлшний үйлдвэрлэл нэмэгдсэн. Хоёрдугаарт, 2014 онтой харьцуулахад ам.долларын ханш 25 хувиар чангараад байна. Газрын тосны бүх гүйлгээ ам.доллараар хийгддэг. Доллар 25 хувиар чангарахад газрын тосны ханш 25 хувиар буурдаг байна. Гуравдугаарт, ОПЕК-ийн гишүүн орнууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл олборлолтоо бууруулаагүй. Тэгвэл АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төв нефтийн ханшийг 2025 он гэхэд 86 ам.доллар, 2030 онд 95 ам.доллар, 2040 онд 109 ам.доллар, 2050 онд 117 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
2026 он гэхэд АНУ эрчим хүчний гол экспортлогч болох бол 2050 оноос газрын тосны үйлдвэрлэл буурах ажээ.
ЗЭСИЙН ХАНШ 5800 АМ.ДОЛЛАРААС БУУРАХГҮЙ
Олон улсын зах зээл дээрх зэсийн ханш өсөх хандлагатай байна. Лондоны металлын биржийн өнгөрсөн баасан гаригийн хаалтын ханшаар нэг тонн зэс 6797 ам.долларын ханштай байна. "FocusEconomics’’-д мэдээлснээр зэсийн ханш энэ энэ оны эцэс хүртэл энэ ханшаасаа буурахгүй
аж. Түүнчлэн Дэлхийн банкны тооцоолсноор зэсийн ханш ирэх оноос дахин чангарч тонн нь 5800 ам.доллараас буурахгүй бөгөөд 2019 он гэхэд 7000 ам.доллар давах аж. Зэсийн ханш 2015 онд 18.5 хувиар унасан билээ. Өнгөрсөн есдүгээр сард дэлхийн зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 6583 ам.доллартай байсан нь наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 105 ам доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар зэсийн дундаж үнэ 6346.6 ам.доллар байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 683 ам.доллараар өссөн үзүүлэлт. Хэдийгээр дундаж үнэ өсөлттэй байгаа ч зарим судалгааны байгууллага 2017 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өмнөх улиралтай харьцуулахад буурна гэж мэдээлжээ. Тухайлбал "ING" банкны судлаачид ирэх дөрөвдүгээр улиралд 6000 ам.доллар болж буурна гэж үзэж байна. Тэгвэл "Wood Mack” байгууллагын судлаачид энэ сарын шинэчилсэн судалгаандаа энэ улиралд зэсийн үнэ дунджаар 6500 ам.доллар тонн байна гэв. Олон улсын судалгааны байгууллагууд ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах хандлагатай гэж таамаглаж байгаа ч дэлхийн зах зээл дээрх ханш нэлээн хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна. Сүүлийн ганцхан сард л гэхэд нэг тонн зэсийн үнэ 500 хүртэлх ам.доллараар өгсөж, уруудсан нь ханш тогтворгүй байгааг харуулж байгаа юм.
АЛТНЫ ҮНЭ УНЦИ ТУТАМДАА 2300 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ
Германы "Incrementum AG" үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци нь 2300 ам.долларт хүрэх таамгийг гаргажээ. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй хэмээн тайлбарлалаа. Одоогийн байдлаар унци алт 1200-1300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Алт нь худалдааны баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Дэлхийн банкны шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх 2018 оны зургадугаар cap гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх аж. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч ирэх онд илүү чангарах гэнэ. Европчууд XIX зууны үед "Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төвбанкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлээд улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн.
ГАН БОЛОН ТӨМРИЙН ХҮДРИЙН XAHШ БНХАУ-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС ХАМААРНА
Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үнэ нь оны эхний улиралд огцом өсч, сэргэсэн. Үүний дараагаар Дэлхийн банкны зүгээс төмрийн хүдрийн 2020 он хүртэлх таван жилийн таамаглалаа өсгөлөө. Хамгийн сүүлийн таамаглалаар тус түүхий эдийн үнэ энэ онд тонн тутамдаа 85 ам.доллараас буухгүй бол 2020 онд 97 ам.доллар хүрэхээр байгаа аж. Төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэмэгдүүлсэн шалтгаанаа Дэлхийн банкнаас "Хятадын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотой 2-3 сард гангийн үнэ огцом өссөн.
Мөн далайн чинадаас ирж буй төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тасалдал гарсан. Хятадын шинэчилсэн бүтээн байгуулалтын хандлагаас хамаарч өнгөрсөн сараас төмрийн хүдрийн үнэ өсч байна” гэжээ. 2016 он бол төмрийн хүдрийн үнийн эргЭлтийн цэг болсон. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын гангийн үйлдвэрлэл хурдтай өссөнөөр төмрийн хүдрийн үнэ өссөн, Хэдий төмрийн хүдрийн үнийн таамаглалаа өсгөсөн ч нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байхыг Дэлхийн банкны зүгээс онцолжээ. Ирэх 2-3 жилийн хугацаанд бага зардалтай, ихээхэн нөөц бүхий уурхайнууд хаагдах магадлалтай байгаа. Харин ендөр зардалтай уурхайнууд зах зээлийн шаардлагаар үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байна. Ган болон төмрийн хүдрийн үнэ өссөн нь Хятадын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх нь тэргүүлэх чиглэл болгосонтой холбоотой байна,
НҮҮРСНИЙ ХАНШ тонн ТУТАМДАА 10 АМ.ДОЛЛАРААР БУУРНА
Өнгөрсөн онд таваарын зах зээлд сайн үзүүлэлттэй байсан "хар алт” гэгддэг нүүрсний үнэ энэ оноос эхлэн тонн тутамдаа 10 ам.доллараар буурах таамаг тооцоог "Goldman Sachs" групп гаргасан. Дэлхийн дулаарлын эсрэг олон улс "бохир түлш”-ээс татгалзах бодлого баримтлах болж, эрэлт аажмаар буурч байгаа ч нүүрсний ханш тогтвортой байв. Коксжих нүүрсний ханш ирэх 2018 онд 125 ам.доллар болж буурах таамаг бий бөгөөд шинжээчид энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар буурахыг таамаглажээ. Харин ирэх онд тонн нь 125 ам.доллар болж буурах таамаг байгаа аж. Гэхдээ одоохондоо нүүрсний хэрэгцээ тогтвортой байна. Энэ онд АНУ-ын эрчим хүчний хэрэглээний 30 хувийг нүүрс бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар унахыг шинжээчид таамаглажээ.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/