Ц.Хулан: Ерөнхийлөгчид хандахаас өөрөөр суллагдах хууль эрх зүй үнэхээр байгаагүй

Ц.Хулан: Ерөнхийлөгчид хандахаас өөрөөр суллагдах хууль эрх зүй үнэхээр байгаагүй

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүлснээр тэрбээр үндэсний их баяр наадмын өмнө чөлөөлөгдсөн юм. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сарын 25-ны өдөр Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүх хурал мөн оны 11-р сарын 1-ний өдөр болж түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилсөн юм.

Ерөнхийлөгч уучлал үзүүлж, эрх чөлөөтэй болсон яруу найрагч Ц.Хулан өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан олон нийттэй мэндчилжээ. 

Тэрбээр, Сайн сууцгааж байв уу, Та нар минь. 

Сайхан наадав уу? Надад санаа зовж, хүлээж чадсан хүн бүхэнд хязгааргүй баярлалаа! Зохиолчид, найрагчид, театрынхан гээд ерөөс соёл урлагийнхан бүгд, сэтгүүлчид, хот хөдөө суугаа миний анд нөхөд, гадаадад байгаа элэг нэгтнүүд ...навсайж савсайж явахад минь намайгаа хаана ч таньдаг нийслэлчүүд та бүхнийхээ итгэл хайр халамжаар хэцүү бэрх цагийг даван тууллаа.

Хулан төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй. Миний дансаар нэг ч төгрөг, доллар, юань, рубль ороогүй юм шүү. Нэг сэтгүүлч (олны дэндүү сайн танил) Хулан дансан дахь 2 тэрбумаа л тайлбарлачих хэрэгтэй гэж бичиж олон түмнийг айхтар муухай төөрөгдүүлсэн. Юун тэрэнтэй зарга хийх манатай өнгөрөөснөө одоо л хэлье ээ. 

Надад гар сунгасан төрийн тэргүүндээ баярлалаа. Бүтэн хоёр жил хагас бичиг цаас өргөж, учрыг нь олоосой гэж гүрийж, итгэж байсны хэрэг гарав.  Гэмт хэрэгтнийг суллав гэж Ерөнхийлөгчийг зэмлэх ганц нэг хүн байна гэсэн, бүү тэг л дээ...

Төр нь иргэндээ гар сунгасан сайн тохиолууд үргэлжилсээр байг! Мөн хүний эрхийн зөрчилтэй Эрүүгийн хуулиуд өнгөрөгч саруудад УИХ-аар нэг бус удаа хэлэлцэгдэж, цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь Төрийн тэргүүнд урам зориг өгсөн гэж хувьдаа бодож байна. Би Ерөнхийлөгчид хандахаас өөрөөр тэндээс суллагдах хууль эрх зүй үнэхээр  байгаагүй.
  
За ингээд түр больё. Ээж намайг "Наад амаа мэд! Битгий олон юм ярьж бай!!!" гэж шувт загнаад. Сайхан уран бүтээлээрээ эргэн уулзъя, удахгүй!" гэжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen