Монголын жүдочид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр “AIC Степ Арена”-д эхэллээ. 28 орны баг тамирчид оролцож буй тус тэмцээний эхний өдөр эрэгтэй хоёр, эмэгтэй гурван жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.
Монголын жүдочдоос жин тус бүрт дөрвөн тамирчин барилдлаа. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, ганцаараа финалд шалгарлаа. Мөн эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Сүхбат, -66 кг-д Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн -48 кг-д А.Мишээл, -57 кг-д Л.Сосорбарам нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулж, медалийн тавцанд зогссон юм.
Эхний өдөр Японы улсын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр барилдаж буй ОХУ-ын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, жагсаалтын хоёрт бичигдлээ. Харин Узбекистаны баг нэг алтан медаль авсан бол Монголын баг нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авлаа. Хорват, Молдав нэг мөнгө, БНСУ, БНХАУ-ын баг нэг хүрэл медальтайгаар эхний өдрийн тэмцээнийг дуусгажээ.
Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн маргааш, нөгөөдөр “AIC Степ Арена”-д үргэлжилнэ.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
Хоёр дахь өдөр /7.26/: эмэгтэйчүүдийн -63, -70, эрэгтэйчүүдийн -73, -81 кг
Гурав дахь өдөр /7.27/: эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн -90, -100, +100 кг

