Тэрэлж, Туул голын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ

Тэрэлж, Туул голын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ

 

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Энэ сарын 1-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгдэж, Чулуут гол олон жилийн дунджийг 10 см давсан байна. Бэлтэс гол Баянзүрх сум орчимд болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байна.

Өнөөдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см, Эг гол Хантай баг орчимд 15 см нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Мөн голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхөцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөв гэж УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen