Мазаалайн тархац нутаг 80 хувиар хумигджээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, МУИС, “Говийн гайхамшигт амьтад” төрийн бус байгууллага хамтран “Мазаалай баавгайн хамгаалал, судалгаа” сэдэвт олон улсын хурал зохион байгуулав.
Мазаалайн гол тархац нутаг болсон Говийн их дархан цаазат газрын нийт талбайн хэмжээ 4.6 сая га билээ. Судлаачид сансрын дохиололтой хүзүүвчний тусламжтайгаар уг газрын 18,000 ам километрт нь мазаалай амьдарч байгааг тогтоожээ. Ингэснээр мазаалайн тархац нутаг 80 хувиар хумагдсан гэдгийг судлаач А.Баясгалан дурдлаа.
2017 онд хийсэн судалгаагаар манай оронд 32 бодгаль буйг тогтоосон бол Монгол, Хятадын хамтарсан техникийн туслалцаа үзүүлэх төслийнхөн 52 гэж тоолсон байна. Тиймээс энэ талаарх судалгааны ажлыг хэвлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
Манай улс энэ онд говийн баавгайг хамгаалах чиглэлээр гурван зорилт бүхий 21 ажил хийхээр төлөвлөжээ. Говийн их дархан цаазат газарт, мазаалайн амьдрах орчныг сайжруулах долоон ажлыг 269 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгааг Хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат онцлов.