Японы эрх баригч эвсэл олонхын суудлаа алджээ

Японы эрх баригч эвсэл олонхын суудлаа алджээ

 

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 21 /Kyodo/. Японы эрх баригч эвсэл ням гарагт болсон сонгуулиар парламентын дээд танхимд олонхын суудлаа алдлаа. Ингэснээр хүнд байдалд ороод буй Ерөнхий сайд Ишиба Шигэрүд улам их дарамт учрах төлөвтэй байна. Тэрбээр нам нь дахин хүнд цохилтод орсон ч албан тушаалаасаа буухгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

 

Ишибагийн хувьд нөхцөл байдал хүнд байна. Сөрөг хүчний гол намууд "Либерал Ардчилсан нам" болон эрх баригч эвсэл дэх тус намын түнш “Комэйто” намтай эвсэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Ишиба Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа боловч Либерал Ардчилсан нам дотроос түүнийг огцрохыг шаардсан шахалт улам нэмэгдэх төлөвтэй байна. 

 

 

Эрх баригч эвсэл сонгуулийн өмнөх зорилгоо биелүүлж чадсангүй. Дээд танхимд олонхын суудлаа хадгалахын тулд 125 суудлаас 50-ыг нь авахыг зорьсон боловч чадсангүй. "Либерал Ардчилсан нам" болон "Комэйто" нам нийлээд 122 суудал авсан нь сонгуулиас өмнөхөөс /141 суудал/ цөөрсөн байна.

 

 

Эрх баригч эвсэл парламентын хоёр танхимд (дээд танхим болон Төлөөлөгчдийн танхимд) олонхын суудлаа алдсан нь дайны дараах Японы засгийн газрын хувьд ховор үзэгдэл болж байна. Консерватив үзэлт зарим сонгогчийн дунд тус намын нэр хүнд буурч, барууны чиг баримжаатай популист нам болох “Сансэйто”-д байр сууриа алджээ. “Японы эрх ашгийг эн түрүүнд” гэх уриатай, гадаад иргэдийн эсрэг үндсэрхэг бодлого баримталдаг хэдий ч “Сансэйто” нам дээд танхимд суудлынхаа тоог хоёроос 14 болгож нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр хууль санаачлах эрхтэй болж байна.

 

Сонгуулийн эхний дүн болон хэвлэлүүдийн таамаг гарч эхэлмэгц “Ард түмний төлөөх Ардчилсан нам”-ын дарга Тамаки Юичиро эрх баригч эвсэлтэй эвсэл байгуулахгүй гэж мэдэгджээ. Эрх баригч эвсэлтэй бодлогоо уялдуулан ажиллаж байсан түүний нам суудлынхаа тоог 9-өөс 17 болгож нэмэгдүүлжээ.

Японы "Үндсэн хуулийн Ардчилсан нам" болон "Инновацын нам"-ын удирдагчид эрх баригч эвсэлд нэгдэх эсэх тал дээр мөн сөрөг байр сууриа илэрхийлсэн байна. "Үндсэн хуулийн Ардчилсан нам" парламентын дээд танхимд 38 суудал эзэлж байсан боловч энэ удаагийн сонгуулийн дүнд 22 болж буурсан бол," Инновацын нам" 18 суудлаас 7 болж цөөрчээ. 

 

Дээд танхимын гишүүдийг зургаан жилийн хугацаатай сонгодог бөгөөд доод танхимын гишүүдээс ялгаатай нь Ерөнхий сайдын шийдвэрээр тараадаггүй. Дээд танхимын 248 гишүүний тал хувийг нь гурван жил тутамд сонгодог. Ингэхдээ 125 гишүүнээс 75-ыг нь сонгогчдын тойргоос, 50-ыг нь пропорционал тогтолцоогоор сонгодог бөгөөд энэ удаагийн сонгуулиар эдгээр суудлын төлөө 520 орчим нэр дэвшигч өрсөлдсөн байна.

 

Санал хураалтын ирц 58.51 хувьтай гарсан нь 2022 оны өмнөх сонгуулийн ирцээс (52.05) өссөн байна. Гурав хоногийн амралтын үеэр зохион байгуулсан энэ удаагийн сонгуульд 26 сая сонгогч саналаа урьдчилан өгсөн нь шинэ дээд үзүүлэлт болжээ.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen