Дидди хамгийн хүнд зүйл ангиудаас мултрав
АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Кумбс буюу Дидди таван эрүүгийн хэрэгт буруутгагдаад байсан. Тэгвэл лхагва гарагт /2025.07.02/ тангарагтны шүүгчид хэлэлцүүлгээ дуусгаж, түүнийг таван зүйл ангиас гуравт нь гэм буруугүй гэж үзжээ. Ингэснээр тэр хамгийн хүнд зүйл хэргүүд болох бэлгийн мөлжлөг хийсэн гэх хоёр зүйл анги, хууль бусаар мөнгө олсон гэх нэг зүйл ангиас мултарч буй.
Диддигийн өмгөөлөгчид түүнийг батлан даалтад гаргах хүсэлт мэдүүлсэн ч хэргийг даргалан шүүж буй АНУ-ын дүүргийн шүүгч Арун Субраманиан үүнийг нь зөвшөөрөөгүй байна. Субраманиан хэлэхдээ шүүх хурал дээр Дидди хүчирхийлэл үйлдсэн гэдгийг харуулах хангалттай баримт танилцуулсан, биеийг нь үнэлүүлэхийн тулд тээвэрлэсэн гэх хоёр зүйл ангиар ял сонсох хүртлээ шоронд байх ёстой гэжээ.
Субраманиан хэлэхдээ “Шүүгдэгч бусдад ямар ч аюул занал учруулахгүй гэдгээ тодорхой, баттай баримтаар нотлох боломжгүй” хэмээн түүнийг батлан даалтад гаргахыг зөвшөөрөөгүй юм. Тангарагтнууд шийдвэрээ гаргасны дараа Дидди “Би удахгүй гэртээ харина. Баярлалаа, би та нарт хайртай” гэж гэр бүл болон дэмжчигдэдээ хандаж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters