Жимст тайгын жижигхэн буриад буюу Монголын яруу найргийн инжаан
Нямбуугийн Нямдорж гэж ямархан найрагч байж вэ, ямар хүн явж вэ. Соёлт хүмүүн та ийн сонирхох аваас түүний шүлэг, найргийг уншаарай. Алт удах тусмаа өнгө ордогийн үлгэрээр түүний тунгаамал шижир мэт уран бүтээл, шүлэг яруу найраг он жил улирах тусам үнэд орсоор... Жинхэнэ яруу найраг гэдэг цаг хугацаанаас үл хамааран оршдогийн жишээ энэ буюу. Яруу найрагч хүн цаг үедээ хэзээ ч захирагддаггүйг Н.Нямдорж өөрийн амьдралаараа харуулсан.
Эртний их дорно, энэрэнгүй их Буддагийн тухай бичсэнээрээ тэрээр үндсэрхэг үзэлтэн хэмээн хавчигдан гадуурхагдаж, эсгий гутлын үйлдвэрт нормчин болж, элсэн говьд нутаг заагдаж, аглаг хөвчид мод цавчин, Эрдэнэтийн уурхайд манаач хийж явлаа. Гэвч энэ л хүнд бэрх амьдрал дунд жинхэнэ сонгодог шүлгүүдээ бичиж, уран бүтээлээ туурвин яруу найрагтаа үнэнч хэвээр үлдсэн юм. Найрагч тэр л будангуй цаг үеийн тухай
"... Би номын биш
Би намын биш болохоор
Би бараг хүн биш байлаа
Алдар нэрэнд дэндүү дуртай даргадаа
Алтан хошуу өргөж
Нүгэлгүй сайхан нөхдийнхөө
Нүдэнд хуруугаа хийж явсангүй
Нялуун цагийн торгон ирэн дээр
Нямдорж үхэхэд ч, сөнөхөд ч бэлэн байсан даа!
Харамсаагүй, хайрлаагүй
Хатуу сэтгэлтэй нөхөд
Үе цагтайгаа адилхан
Үжирсэн дөжирсөн байсан даа!” хэмээн бичжээ.
Н.Нямдорж дунд сургуульд Р.Чойномтой нэг ангийн нэг ширээнд тохой нийлүүлэн сууж, үерхэж нөхөрлөж явах үедээ есдүгээр ангийн бяцхан хүү тэрбээр
"Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулалдааны талбар юм
Энгүй сайхан түүнд
Зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархалдаг юм” хэмээн бичиж авьяас билгийнхээ галыг асаасан гэдэг. Түүнээс хойш тун удалгүй Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсч ирснээр Н.Нямдоржийн өвөрмөц дуу хоолой цуурайтаж эхэлжээ. 1962 онд "Онон хатан ижий” хэмээх шүлгийн номоо хэвлүүлсэн нь түүнд шүлэгчийн алдар хүнд төдийгүй шүүмжлэл, хавчигдлыг ч авчирчээ. Гэвч тэрбээр,
"Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ
Хувирашгүй
Алганы минь хээ
Арилашгүй
Миний хээ
Минийх” хэмээн бичиж хэнээс ч юунаас ч хамааралгүй бүтээж туурвисаар байлаа. Ийнхүү "Жимст тайгын жижигхэн буриад” Монголын яруу найрагт өвөрмөц тод дуу хоолойгоо цуурайтуулж эхэлжээ.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан:
Тэрээр Б.Явуухулангийн багш нь байсан
-Миний хамгийн дотно найрагч бол Нямбуугийн Нямдорж байлаа. Тэр хүн хойно таван жил М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурахдаа гэртээ нэг удаа захиа бичээгүй. Тэгсэн атлаа надад болохоор хоёр хуудас ар өвөргүй тийм урт захиа бичиж. Тэр нь яасан бэ гэсэн чинь сонинд гарсан миний нэг шүлгийг үзээд түүнээс болж их уур нь хүрч "Бид эсгэсэн даалимбаа тэрлэг гэж нэрлэдэггүй атал та юунд таталсан нооргоо шүлэг гэж хэвлүүлнэ вэ. Таныг би амьдралын их мэдлэгтэй, авьяас их задгай, уянгаар сэтгэлээ хөглөсөн ухаарлын жолоотой сайхан найрагч гэж бодож байсан чинь та юунд найрагчийн өндөрлөгөөс эхлэн бичигчийн гудамж руу зүтгэнэ вэ” гэхчилэнгээр бүтэн хуудас агсам тавьж ингэж захиа бичиж байсан. Бид хоёрын ерөөлийн, сэтгэлийн уулзвар нэг байж л дээ. Хувь заяаны хувьд ч гэсэн их утга зохиолд бас л адилхан гадуурхагдаж явсан. Б.Явуухулангийн бараг багш нь байсан тийм найрагч атлаа ардчиллын үе дээр сая нэг юм уран зохиолынхоо үнэлэмжийг авлаа. Тэгээд ч тэрээр утга зохиолын үнэлэмжийн төлөө зүтгээгүй л дээ.
Баянхонгорт очиход нь бид хоёр шөнө болгон өвөртөө унтаад өгнө. Тэгэхэд манай авгай бид хоёр нийлээд удаагүй байсан. Тэгээд "Энэ нэг хачин хүн нь түргэн яваасай. Нөхөртэйгөө цуг байх юм сан” гэж боддог байсан гэж одоо хүртэл ярьдаг юм. Сүүлд намайг тэмээчин болчихоод байхад Н.Нямдорж тааралдаад "Хүн яруу найргаа хэлхэж байж яруу найрагч болдог. Одоо хүн матаж байж зохиолч болдог болсон юм биз дээ” хэмээн их уурлаж, уйлж байсныг би санадаг юм.
Н.Нямдорж бид хоёр хаана ч уулзсан нэг морин хуурын хоёр чавхдас нийлсэн шиг бидний дундаас сэтгэлийн нэг хөг аялгуу гарч явдаг байсан даа.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав:
Н.Нямдорж бол ганцхан хувь яруу найрагч
-Н.Нямдорж өвөрмөц хүн л дээ. Их содон шүлэгч. Хамгийн гол юмаа Н.Нямдорж их залуудаа хийчихсэн. Ерөөсөө "Онон хатан ижий” гэдэг түүвэр бол Н.Нямдоржийн сонгодог түүвэр. Тэр үедээ сонгодог юм хийлээ гэдгээ өөрөө ч мэдээгүй. Классик юм гэдэг энгийн байдаг. Түүнийг нь өөр цаг хугацаанд л үнэлж мэдэрдэг. Н.Нямдорж бол "Онон хатан ижий”-гээ зүгээр л санамсаргүй, буй сэтгэлээрээ, яруу найргийн авьяасаараа биччихсэн. Ерөөсөө Н.Нямдорж шиг анхны номоороо алдаршсан хүн ховор байдаг.
1960-аад онд Москвагаас биднийг сэрээдэг, шүлгийг нь хааяа алдаг оног гарахад нь уншиж, сэрж мэдэрч ахиад шүлэг бичмээр болдог байсан тийм хүмүүсийн нэг бол Н.Нямдорж. Түүний нэг шүлэг тэр үед их алдаршиж байсан.
"Хөл хөгжөөн татрахгүй нийтийн нэгэн байранд
Хөнжил дээр нь тогтохгүй оюутны нарийхан оронд
Авиа чагнан дүнсийсэн намуун шөнийн цагаар
Алиа хонгор бүсгүй Монгол газраас айлчлах юм…”
Оюутнуудын амны уншлага энэ байсан. Их содон. Н.Нямдорж "Онон хатан ижий”-гээрээ үнэхээр сонгодог бүтээлийн суваргаа бүтээчихсэн юм. Сүүлд "Хүн чулуу” энэ тэрээ биччихээд надаас санал асууж байсан. Бид бас уран бүтээлийн эхэн үед ойр байсан. Н.Нямдорж бол ганц хувь найрагч.
Манайханд нэгийг нь нэгээр нь цохидог ч юм уу, үхсэнийг амьдаар нь цохиулах гэдэг ч юм уу, ийм муу явдал байдаг. Тэгмээргүй л байгаа юм. Яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн ч тэр ялгаагүй, яруу найргийг нуур гэж бодоход ялгаагүй олон шувуу бүрдэж байж нуурын үзэмжийг бүрдүүлнээ дээ. Цэцэрлэгт олон янзын цэцгүүд ургаж байж улам сайхан болно оо доо. Түүнийг бодож яруу найргийн энэ их найрал энэ их хөг аяс бие биенээ нөхөж өнгө өнгөө тодосгож байдаг. Энэ талаас нь ухаарвал маш зүйтэй юмаа.
Н.Нямдорж бол өвөрмөц нэгэн цэцэг, өвөрмөц нэгэн булаг, өвөрмөц нэгэн өнгө аялгуу байсан юм. Харьцангуй эрт яруу найргийн гэгээн сэрэл авч "Үүлэн бор” гээд л анхны номоороо нэрд гарна гэдэг бол сайхан. Сүүлдээ яахав алаг эрээн амьдралын тавиланд яг өөрийнхөө шүлэг шиг эндэж гэнэдэж, сайн муу хэлэгдэж, элдэв улсын хэл аманд өртөж явсан боловч яруу найрагтаа үнэнч байсан. Маш их ном уншдаг хүн.
Яруу найрагч Ш.Цогт: Асар өндөр мэдлэг, боловсролтой найрагч
-Нямбуугийн Нямдоржтой би анх М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурахаар явах гэж байхдаа танилцсан юм. Хойшоо сургуульд явах болоход аав, ээж маань бяцхан дайллага хийсэн юм. Тэгэхэд Нямбуугийн Нямдорж гэж шар дээлтэй, ширэн гуталтай монхор хамартай эр ирж. Жигтэйхэн архи ууж. Тэгэхэд нь би архийг ингэж их ууж болдог юм байх даа гэж гайхаж байсан санагддаг. Тэгээд Горькийн сургуульд хамт суралцаж дотно нөхөрлөсөн дөө. Н.Нямдорж надад яруу найраг, архи, хүүхэн аль алиныг заасан. Мань хүн бол тун нарийн мэдрэмжтэй, өргөн мэдлэгтэй жинхэнэ ясны яруу найрагч хүн. Хойно сурч байхад мань мэт нь дэлгүүр хоршоогоор орохдоо худалдагч хүүхнүүдтэй наргиан цэнгээн болж, инээд наадам хийж явахад Н.Нямдорж тун гярхай, хэзээ ч гэсэн номын лангууны өмнө очоод зогсчихсон байдаг. Тэгээд дараа нь хэзээ хойно ийм ном авлаа гээд үзүүлдэг. Үнэхээр сор болсон сонгодог зохиолыг олж авдаг, уншиж мэдэхийн төлөө уйгагүй, нягт нямбай ажилладаг яруу найрагч байсан. Орос хийгээд өрнө дахины уран зохиолыг сайтар судалж, гүнзгий мэдэрсэн. Асар өндөр мэдлэг боловсролтой.
Н.Нямдоржийн анхны ном "Үүлэн бор” бол нэг их анхаарал татаагүй. Тэр хойно сурч ирээд "Онон хатан ижий” номоо гаргаж ёстой л галтай цогтой шүлгүүд бичиж авьяас билиг нь задарсан даа.
***
Н.Нямдорж найрагч нэгэнтээ "Ертөнцийг тээж яваа зүрх сэтгэлээ хайрлая” хэмээн хэлсэн нь "Ертөнцөд ан цав гарваас тэр нь яруу найрагчийн зүрхэн дундуур дайрч гардаг” гэсэн Р.Гамзатовын үгийг батлах шиг санагддаг. Үнэхээр Н.Нямдорж хэмээх эгэлхэн тэр хүн ертөнцийн бүх хүмүүстэй зүрх сэтгэлээрээ ярилцаж орчлон ертөнцийн төлөө зовж шаналдаг байлаа.
Тэрбээр эртний Римийн цовдлогдсон боолчууд, түүдгийн дөлөнд эрэлхэгээр шатаагдсан Ж.Бруно, фашистын зандалчдын гарт амь үрэгдсэн Гарсиа Лорка нарыг өмөөрч, Чилийн Пабло Нерудатай яруу найргаараа ярилцаж, Никараугагийн эх орончидтой зүрх сэтгэлээрээ хамт тулалдаж явсан юм. Н.Нямдорж дэлхий ертөнцийг бүхэлд нь хайрлаад зогсоогүй дэлхийн энгээр сэтгэхийн ид хавыг харуулсан билээ.
"Онон голын тухай бодоход Н.Нямдоржийн шүлгүүд санагдаж, Н.Нямдоржийн тухай ярихад Онон гол сэтгэлд буудаг” хэмээн Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол бичсэн байдаг. Н.Нямдоржийн уран бүтээлийг түүний төрж өссөн буриад зоны эгэл боргил ахуй амьдрал, Хан Хэнтийн их хөвч, Хатан Ононоос нь салгаж бодохын аргагүй. Идэр залуудаа тэрбээр
"Хайраар дүүрэн миний цээж
Хан Хэнтийн харагдах сүр
Хатан Ононы хаялах долгио”
хэмээн бичиж байжээ. Онон гол бол түүний угаасан ус, ундаалсан рашаан нь төдийгүй яруу найргийнх нь амин сүнс, дээд шүтээн нь байсан юм. Сүрлэг Хэнтийн нуруунаас сүү мэт ундран гарсан намуун урсгалт энгүй их мөрнөөсөө Н.Нямдорж эгэлхэн бөгөөд энгүүн байхыг, холыг бодож, гүн сэтгэхийг сурсан бизээ. Онон гол Н.Нямдоржид анхных нь шүлгийг шивнэж өгсөн буйзаа. Тиймээс тэрбээр,
"Онон гол миний гол
Ондоо хэний ч биш миний гол
Ариухан Онон миний гол
Алдхан биений минь амин гол
Уртхан Онон миний гол
Уг биений минь улаан гол” хэмээн бичсэн. Онон гол Монголын нэгэн их мөрөн билээ. Түүн лүгээ адил Нямбуугийн Нямдорж өөрийн уран бүтээлээрээ Монголын яруу найргийн нэгэн их ширгэшгүй мөрөн болон үлджээ. Түүний давтагдашгүй, өвөрмөц шүлэг найраг, дууль найраглалууд унших тусам утгын гүнд хөтлөн, ур ухааны царааг нь илтгэсээр байна. Алт удах тусам өнгө ордог шиг Монголын яруу найргийн инжаан болсон энэ эрхэм найрагчийн уран бүтээл цаг өнгөрөх тусам үнэд орох буйзаа.
Г.Сонинбаяр /1999 оны аравдугаар сарын 23/.