Сайдын суудлын амлалт, бас хүзүү мушгих шийтгэлтэй гарын үсгийн дажин

Сайдын суудлын амлалт, бас хүзүү мушгих шийтгэлтэй гарын үсгийн дажин

 

Улс төрд гэхээсээ илүүтэй өнөөгийн эрх баригч МАН-д гарын үсэг гайгүй үнэ хүрэхийн зэрэгцээ зарим тохиолдолд гай чирч байна гэнэ.  Зарим нэг нь гарын үсэгнийхээ  төлөө сайдын суудлын саналаар  шагнуулж байгаа бол аз муутай нэг нь хүзүүгээ мушгиулсан сурагтай байна.

Гарын үсэг ингэж үнэд хүрэх шалтгаан юу вэ. Шуудхан хэлэхэд албан тушаалын төлөөх улангасал юм. Харагдах өнгөндөө  шударга ёс, эх орон, ард түмэн гэсэн сайхан үгээр халхавч хийдэг ч цаад талдаа бол эрх мэдэл албан тушаал.

Өнөөдөр МАН-д гарын үсэг тун эрэлттэй зүйл болж хувирав. Дээд шатандаа ч, дунд шатандаа ч эрэлт үүсчихсэн бужигнаж байна. Харин Монголоо хөгжүүлэх гэж санаа оноогоо нэгтгэж байна гэж  бүү эндүүрээрэй. 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд Засгийн газраа унагах "Барборос” ажиллагаа эхэлснээс хойш нэгэн зуныг үдэж байна. Одоо идэвхжлийнхээ оргил үедээ ирж, өнөө маргаашгүй цуглуулсан гарын үсэгтэй бичгээ өргөн барихаар дуулдаж байна.  Тус бүлгийн 38 гишүүн  Засгаа унагахын төлөө нэгдэж чадсан сурагтай. Ингэснээр АН-ын бүлгийн гишүүдийг царайчлах хэрэггүй болж байгаа гэв.  Эх орныхоо хөгжлийн төлөө, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн төлөө ингэж нэгдэж  чаддаг бол "браво” гэхээс  өөр юу гэх билээ. Харин Монголын улстөрчдийн уламжлал нь танай, манай  нам гэлтгүй огцруулах, унагах юман дээрээ л дуу хоолойгоо нэгтгэж чаддаг нь төрийн эмгэнэл болтлоо төлөвшиж чадсан байна.

Төр засгийн тогтвортой байдлыг хангах тухай сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө ганцхан жилийн дараа мартчихаад ард түмнийхээ итгэлээр тоглоно гэдэг арай л эрээ цээргүй харагдаж байна. Хэн нэгнийг дарга болгож, хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө амлалтаасаа буцах нь иргэдийн итгэлийг үргээх, ирэх сонгуулиар эргээд уулзах улаан нүүрээ ширлэхтэй зүйрлэмгүй "үнэт зүйл” болж хувирчээ, тэдний хувьд.  

Шинэ Засгийн газрын сайд нарын нэр хэдийнэ тодорчихсон гэнэ. Энэ нэрс өнөөдөр цахим орчинд цагаан зээр шиг цахилж яваа харагдана лээ. Хүлээлгийн танхим дахь хүмүүс зөвхөн сайдын суудлын шагналтнууд бас биш. Агентлагийн дарга нар, дэд сайд, Төрийн нарийн, яамны газар хэлтсийн дарга нарын албан тушаал гээд хараа сунгаж байгаа олон хүн байж таарна. Толгойндоо тоо бодож, хэнийгээ хаана байршуулах, тендэр, концесс гэхчлэн холын ододын гялбааг олж харахаар оролдож суугаа байж таарна. Мөрөөдөл хийгээд мөн чанар нь ийм.

Гарын үсэг зуруулах Их Хурлын "ханиад” нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд бас халдварлажээ.  Угаас "60 тэрбум” гэх айхтар харшилтай болчихоод дархлаа нь суларчихсан байгаа Ц.Сандуй даргаа огцруулах гарын үсгийн аян Нийслэлийн Иргэдийн хурал дахь МАН-ын бүлэгт  идэвхтэй явагдаж байгаа аж. Одоогоор МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч, АН-ын 11-тэйгээ нийлээд энэ асуудлыг шуудруулахаар шуурч байгаа юм байх.  Гэхдээ хүсэхэд хяна гэдэг шиг найм, есдүгээр сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахгүй гэсэн товтой байгаа гэх мэдээлэл байна.

Гарын үсэг зурах санал оролдлого бүхнийг албан тушаалын шагнал дагалдаж байгаа хэмээн ойлгож бас боломгүй бололтой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гарын үсэг зурахгүй гэснхийхээ төлөө хүчирхийлэлд өртөж хүзүүгээ мушгиулсан гэх хөгийн гэмээр мэдээ байна.  Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Цэрэнноровыг зодож байгаад гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Тэрбээр энэ талаар хэвлэлд ярицлага өгөхдөө "Манай намын хэсэг бүлэг хүмүүс "Blue sky” зочид буудлын 25 давхарт цуглаад, байж байсан. Намайг утсаар дуудсан. Надаас гарын үсэг зурахыг шаардсан. Тэр үед би "Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүссэн. Миний хүзүүг мушгисан” хэмээжээ. Ийм л юм болж.

Гарын үсэгт бүдэрдэг Монголын төр засгийн тогтолцоог Үндсэн хуулиараа  өөрчлөхгүй бол дээр дооргүй гарын үсгээр "хувьсгал” хийдэг  болох нь байна шүү.  

М.Нэргүй

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen