Оросын зорчигч тээврийн шинэ онгоцыг амжилттай туршжээ

Оросын зорчигч тээврийн шинэ онгоцыг амжилттай туршжээ

 

Оросын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн шинэ нисэх онгоц өчигдөр анхны туршилтын нислэгээ үйлджээ.

Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн анхны том оврын нисэх онгоцыг энэ сарын эхээр амжилттай туршсаны дараа Оросын шинэ нисэх онгоц ийнхүү анхны нислэгээ үйлдлээ.

Оросын засгийн газрын харьяа нисэх онгоц үйлдвэрлэгч "Иркут” компани хөнгөн, бат бөх карбон материал болон бусад материалыг ашиглан "MC21” зорчигч тээврийн нисэх онгоцыг үйлдвэрлэжээ..


"Иркут” компанийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, "MC21” зорчигч тээврийн нисэх онгоц өчигдөр Дорнод Сибирийн Эрхүү хотод анхны нислэгээ үйлджээ. Тус хотод онгоцны эд ангийг угсрах үйлдвэр байдаг ажээ.

Туршилтын нислэг 30 орчим минут үргэлжилсэн бөгөөд онгоц 1000 м-ийн өндөрт ниссэн байна. Нислэгийн хөдөлгөөнийг нь хянах боломж, нислэгийн тогтвортой байдал, хөдөлгүүрийн үзүүлэлт зэрэг мэдээллийг холбогдох албаны хүмүүс цуглуулжээ.

Анхны нислэгийг амжилттай үйлдлээ гэсэн мэдээ авсныхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "MC21”-ийг үйлдвэрлэсэн компанийн хамт олонд баяр хүргэлээ.

ОХУ-ын Засгийн газар ирэх 20 жилийн дотор 1000 ширхэг "MC21”-ийг голдуу дотооддоо болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад борлуулахаар төлөвлөжээ.

Үүнтэй ижил төстэй нисэх онгоц /150 зорчигчийн суудалтай/ үйлдвэрлэлийн салбарт АНУ болон Европын "Airbus” болон "Boeing” компаниуд давамгайлж байна.

Нисэх онгоц үйлдвэрлэлийн зах зээлд нэвтрэхээр зэхэж буй Хятадын "C919 " загварын шинэ нисэх онгоц тавдугаар сарын 5-нд анхны нислэгээ амжилттай үйлдсэн юм.

POWER.MN
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen