Хүүхэд хүчирхийлэлд өсөх, өртөх ёсгүй
Гэхдээ энэ бүхэн та бидний эргэн тойронд болж буй хүүхдийн хүчирхийллийг бүрэн дүүрэн илтгэх тоо бус зөвхөн хуулийн байгууллагад ямар нэг байдлаар бүртгэгдсэн нь. Үүний цаана хэдэн мянган хүүхэд эцэг, эх, ах эгч хайртай хүмүүсийнхээ гарт "хүмүүжил” нэртэй суран бүсний амт, ширүүн гарны хүчирхийллийг мэдэрч байгааг таах аргагүй. Бие мах бодийн хүчирхийллээс гадна оюун санааны хүчирхийлэлд нийт хүүхдийн 40 орчим хувь өртөж, тэдний 20 орчим нь ямар нэг байдлаар хүмүүжлийн доголдолтой болж буйг хүүхэд хамгааллын байгууллагууд зарлаж буй. Ингээд зогсохгүй манай улсад хүүхдийн хүчирхийллээс гадна хүүхдийн хөдөлмөрийн асуудал ч өндөр хувьтай гарч байна.
Тухайлбал, улсын хэмжээнд 5-17 насны хүүхдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, үүнээс 10 хувь нь хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэнэ. Тэдгээрийн есөн хувь нь аюултай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчин, нөхцөлд ажилладаг гэх судалгаа байна. Өөрөөр хэлбэл, монголчууд төдийгүй хүүхдийг хамгаалах төрийн хийгээд хувийн байгууллагууд хүүхдүүдийнхээ хүчирхийлэлд өртөж байгаа байдал болон хүнд хөдөлмөр эрхэлж буйг жил бүр тоолж, судалсаар л сууна. Хүүхэд хамгааллын тухай хууль өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн ч нялх үрсийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ дагуу дорвитой дуугарч, хүчирхийлэлд өртөж буй, эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийг хамгаалж чадахгүй л байна. Үүний хамгийн том жишээ бол өдгөөгөөс хоёр жилийн өмнө төрсөн эцэг, хойт эх хоёртоо зодуулж амиа алдсан дөрвөн настай охин, аавдаа хэдэн арван удаа хазуулж бэртсэн хүү мөн аав нь хүүгээ заазуурдаж, тамласан явдал билээ. Тавдугаар сар бол "Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг” дэлхий нийтээрээ нэгдэн тэмцдэг сар. Манай улс ч энэ тэмцэлд 2006 оноос нэгдэн орсон. Тэгвэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд монголчууд хүүхдээ зодож шийтгэхгүй байх талаар ямар ойлголттой болсон бэ. Ядаж дэлхий нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж буй нэг сарын хугацаанд хүүхдээ зодож, шийтгэхгүй өнгөрүүлж чадаж байгаа болов уу.
Ц.Алтанзаяа:Хүүхдийг бүх төрлийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, таслан зогсоох ажиллагаа байнга хийгдэж байна
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хөгжлийн газрын дарга Ц.Алтанзаяатай уулзаж, хүүхдийн хүчирхийллийг багасгах, таслан зогсоохын төлөө манай улс ямар бодитой ажлууд өрнүүлж байгаа талаар тодрууллаа. Тэрбээр "Монгол Улс хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох, эрхийг нь хамгаалах дэлхий нийтийн конвенц, олон арга хэмжээ, эв санааны хөтөлбөрт нэгдсэн дэлхийн орнуудын нэг. Үүнийхээ дагуу жил бүр төлөвлөгөө гарган эцэг, эхчүүд, хүүхэд асран хамгаалагч, хүүхэд, багачуудад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ олныг зохион байгуулдаг. Ялангуяа гэр бүлийн болоод бусад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд чиглэсэн олон ажил хийж байна. Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, өмнө нь шийдэгддэггүй байсан цөөнгүй зүйлийг эрх зүйн орчинд зохицуулж өгсөн. Яг одоогоор гэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Хүүхдийг ивээх сан” хамтран "Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аян өрнүүлж, амжилттай зохион байгуулж байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор энэхүү аяныг анх 1998 онд АНУ-д санаачилсан байдаг. Улмаар бусад улс орон 2001 оноос нэгдэж, манай улс 2006 оноос "Хүүхдийг ивээх сан”-гийн санаачилгаар тэмдэглэж эхэлсэн юм. "Хүүхдийг ивээх сан”-гаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг ухуулж, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой судалгаа явуулж, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх гарц, чиглэлийг судалгааныхаа хүрээнд тодорхойлж ирсэн. Энэ мэтээр Монгол Улсын хэмжээнд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд нэгдэн, бүх талын судалгаа, эерэг нөлөөллийн ажиллагааг хийж байна” гэсэн юм.
Мицүаки Тоёода: Бага насандаа зодуулдаг байсан хүүхдүүд сэтгэл гутралд орох, архи тамхи, мансууруулах бодист донтохдоо хайр халамжин дунд өссөн хүүхдүүдээс амархан байдаг
Иймээс бид Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг зорьж, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоохтой холбоотой сүүлийн үеийн судалгаа болоод үр дүнгийн талаар тус газрын захирал Мицүаки Тоёодагаас тодрууллаа.
-Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох аян дэлхий нийтэд өрнөж байна. Энэ өдрийн хүрээнд манай улсад сарын аян зохион байгуулж буй. Энэхүү аяны хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна вэ?
-Бид хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нэг сарын аяныг "Хүүхдэдээ бахархан дуурайх аав ээж нь байя” уриан дор олон нийтийг оролцуулах байдлаар үргэлжүүлж байна. Аяны хүрээнд хүүхдээ хүмүүжүүлэхдээ зодож шийтгэх, хүчирхийлэл дарамт учруулах биш хүмүүжлийн эерэг арга хэрэглэх нь ямар чухал болохыг эцэг, эхчүүдэд таниулах ажлуудыг хийж байна. Жишээлбэл, дүүрэг, хороод, сумд дээр энэ чиглэлийн ажлуудыг дэмжих, сургалт семинар хийх, ээж аавуудад зориулан эерэг хүмүүжлийн ном гаргахаар ажиллаж байна.
-Аянаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Аянаас хүсч байгаа гол үр дүн бол илүү олон эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ хүмүүжүүлэхдээ илүү мэдрэмжтэй болоосой гэх зорилго. Хүүхдийг зодож шийтгэх нь ямар хор хөнөөл дагуулдаг болох мөн хүүхэд хүмүүжүүлэх ямар эерэг аргууд байдгийг эцэг, эхчүүдэд таниулах, мэдээлэл өгөх нь чухал байна.
-Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудад хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон ч энэ нь манайд бодитой, өмнөхөөсөө үр дүнтэй хэрэгжиж чадаж байна гэж та бодож байна уу?
-Харамсалтай нь бидэнд Монголын эцэг, эхчүүд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа, айл өрхүүдэд зодож шийтгэх явдал хэр их байгаа гэдгийг тодорхой харуулсан сүүлийн үеийн тоо баримт дутагдалтай байна. Гэхдээ Хүүхдийг ивээх сангийн дэмжлэг үзүүлсэн судалгаа болон бусад тоо баримтаас харвал Монгол Улсын нийт хүүхдийн тал орчим хувь нь өдөр тутам ямар нэг байдлаар зодуулж шийтгүүлэх буюу хүчирхийлэл дарамтан дор амьдарч байна. Ихэвчлэн танихгүй хүн биш, харин эцэг эх гэх мэт ойр дотны хүмүүс нь хүүхдэд дарамт учруулдаг гэдгийг олон судалгаа баталдаг. Хууль, журам батлагдсанаар эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хандлага, зан авир тэр дороо өөрчлөгдчихгүй. Гэхдээ хууль батлагдсанаар хүүхдийг зодож шийтгэх буюу хүүхдэд аливаа төрлийн хүчирхийлэл дарамт учруулах нь хуулийн дагуу хориотой болохыг тодорхой зааж өгч, хэм хэмжээ тогтоож өгдөг. Эдгээр хууль нь Монголын хүүхэд хамгааллын тогтолцоог илүү үр дүнтэй, хүүхдэд ээлтэй болгоход чухал алхам болсон.
-Монгол Улсын хэмжээнд хүүхдийн ямар эрх хамгийн их зөрчигддөг гэж та үздэг вэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
-Сүүлийн жилүүдэд Хүүхдийг ивээх сан хүүхдийн эрхийн хяналт, үнэлгээний чиглэлээр хэд хэдэн судалгааг дэмжиж ажилласан. Эдгээр судалгаанаас харвал хүүхдийн эрхтэй холбоотой хэд хэдэн асуудал давтагдаж байсан. Нэгдүгээрт, Хүүхдүүд гэртээ болон сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр оронд нь гэр бүлийн хүчирхийлэл, зодож шийтгэх гэх мэт бие махбодийн хүчирхийлэл болон үг хэлээр доромжлох тохиолдол түгээмэл гардаг бол сургууль болон нийгмийн орчинд дээрэлхэх, ялгаварлан гадуурхах, онлайнаар дарамтлах гэх мэт хүчирхийлэл үйлдэгддэг. Хоёрдугаарт, Гэр бүл салалтын асуудал. Эцэг эх нь уул уурхай, хөдөө аж ахуй, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажилладаг хүүхдүүдэд энэ асуудал ихэвчлэн тохиолддог. Мөн хөдөө орон нутагт хүүхэд төвийн сургуульд сурахын тулд эцэг эхээсээ холддог. Ийм байдлаас болж хүүхэд эцэг эхээсээ авах анхаарал халамж, хяналт дутуу үлддэг. Мөн эрүүл мэнд, аюулгүй байдлын хувьд эрсдэл нэмэгддэг. Гуравдугаарт, Өвлийн саруудад морин уралдаанд бэлдэх, зуны саруудад уралдуулах зэргээр хүүхдийн хөдөлмөрийг мөлжих тохиолдол түгээмэл байна. Энэ нь хүүхдийг сургууль завсардах, цаг агаарын таагүй байдлын улмаас эрүүл мэнд нь доройтох, гэмтэл бэртэл авах өндөр эрсдэлд оруулдаг.
-Хүүхдийг зодож шийтгэхгүйгээр өсгөх арга замуудын талаар баримт, зөвлөгөө өгөөч?
-Хүүхдийг зөв аргаар хүмүүжүүлэх цор ганц арга байхгүй болов уу. Яагаад гэвэл хүүхэд бүр өөр. Тэднийг өсгөж хүмүүжүүлэхэд өөрсдийнх нь онцлогт таарсан арга барилаар хандах шаардлагатай. Олон Улсын Хүүхдийг ивээх сан Канад болон бусад орны сэтгэл зүйчидтэй хамтран боловсруулсан "Хүмүүжлийн эерэг аргууд” нэртэй хөтөлбөрийг дэмждэг. Энэ хөтөлбөр нь хүүхдийн эрүүл энх өсч бойжих, хүчирхийлэл дарамтааас хамгаалуулах, оролцох, суралцах гэх мэт хүүхдүүдийн эрхүүдэд суурилсан байдаг юм. "Хүмүүжлийн эерэг аргууд” хөтөлбөр нь хүүхэд хүмүүжүүлэх холын зорилгоо тодорхойлох, хүүхэд нь юу бодож, юу мэдэрдэгийг ойлгох, хүүхдийн насны онцлогт тохируулан харьцах, мөн хүндрэлтэй нөхцөлд асуудлыг хэрхэн эерэг байдлаар шийдэхийг эцэг эхчүүдэд зааж өгдөг юм. Энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн монгол эцэг, эхчүүдэд зориулсан "Аав ээжийн ном” гэсэн нэртэй хүүхдийн хүмүүжлийн шинэ ном гаргах гэж байна. Энэхүү номонд хүүхдээ эерэг аргаар өсгөн хүмүүжүүлэх амьдралд ойр олон хэрэгтэй зөвлөмж, мөн үндэсний уламжлалт арга барилыг оруулсан байгаа.
-Багадаа эцэг, эхдээ зодуулж, мэдэхгүйгээсээ хийсэн алдаа бүхэндээ шийтгүүлж байсан хүүхдийн сэтгэл зүй болоод ирээдүйн амжилт, өөртөө итгэлтэй байдал нь хайрлуулж өсгөсөн хүүхдийнхээс ямар ялгаатай байдаг вэ?
-Хүүхдийн бие махбодын шийтгэл нь түүний биед төдийгүй сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гэдгийг олон судалгаа нотолдог. Хүүхдээ санамсаргүй байдлаар цохих нь ч түүнийг хувь хүний хувьд үл хүндэтгэсэн үйлдэл бөгөөд эрхэд нь ноцтой халдаж байна гэсэн үг. Зодуулж, шийтгүүлсэн хүүхэд ууртай түрэмгий болох магадлал өндөр байдаг. Жишээлбэл, бага насандаа зодуулдаг байсан хүүхдүүд сэтгэл гутралд орох, архи тамхи, мансууруулах бодист донтохдоо хайр халамжин дунд өссөн хүүхдүүдээс амархан байдгийг судалгаа харуулдаг. Зодуулдаг хүүхдүүд дотроо их айдастай явдаг нь тогтоогдсон. Түүнээс гадна хүүхдээ зоддог эцэг, эхчүүд хүүхэд хоорондын итгэлцэл үгүй болдог. Бүх эцэг, эх хүүхдээ сургуульдаа амжилт гаргаасай гэж хүсдэг. Гэтэл зодож шийтгэснээр түүний оюун ухаан, суралцах чадварт нь муугаар нөлөөлдөг. Бас эцэг, эхчүүд хүүхдээ бусад хүнд эелдэг найрсаг хандаасай гэж боддог. Харин бие махбодын шийтгэл тогтмол амссан хүүхэд өрөвч нинжин сэтгэлгүй болж, асуудлыг хүчээр шийдэх хандлагатай болдог.
-Хүүхдийг зодож шийтгэхээс татгалзсан, эрхийг нь дээдэлж буй орнуудын сайн жишээ, үр дүн, баримтаас хэлж өгөөч?
-Хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон Швед Улсад гарсан үр дүнгээс хэдэн жишээ хэлье. Швед 1979 онд хүүхдийн биемахбодын шийтгэлийг бүрэн хориглосон дэлхийн анхны улс болсон юм. Судалгааны баримтуудыг харвал энэ хориг хэрэгжиж эхэлсэнээс хойш залуучуудын дунд хулгай, архидалт, мансууруулах бодисны хэрэглээ, бэлгийн хүчирхийлэл, амиа хорлолт зэрэг гэмт хэргийн түвшин тодорхой түвшинд буурсан байна. Зодуур хүчирхийллээс ангид өссөн насанд хүрэгчид хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох нь багассан. Мөн хоригийн дараа нярай хүүхэд болон залуу хүмүүсийн амийг хөнөөх гэмт хэрэг харьцангуй буурсан. Швед эцэг, эхчүүд гар хүрэхээс илүүтэй эерүү зөөлөн аргаар хүүхдүүд хүмүүжүүлдэг болсон. Хүүхдийг гэр бүлээс нь салган, төрийн асрамжинд авах болон эрх бүхий байгууллагаас хүч хэрэглэн авдаг зэрэг арга хэмжээ хориг тавьсанаас хойш эрс багассан. Тиймээс хүүхдийг зодож шийтгэхийг хориглох нь хүчирхийлэл бага, илүү үр ашигтай нийгэм бий болоход чухал үүрэгтэй гэж хэлж болно.
-Цаашид Монголд хүүхдийн эрхийг хамгаалах, зодож шийтгэхийг таслан зогсооход ямар ажлууд хийх шаардлагатай гэж үздэг вэ?
-Хүүхдийг ивээх сангийн хувьд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль мөн шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн бүрэн хэрэгжилтийг хангахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх шаардлага байна. Бид орон нутгийн түвшин дэх хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээнд хүүхдийн бие махбодын шийтгэлийг хориглох хуулийн хэрэгжүүлэлт болон хууль сахиулах үйл ажиллагааг нэгтгэх, уялдуулах арга замуудыг хайж байна. Мөн хүүхдийн бие махбодын шийтгэлийн тухай олон нийтийн мэдлэг, хандлагыг өөрчлөхийн тулд Засгийн газрын болон тусламжийн байгууллагууд олон нийтийн боловсрол, сурталчилгааны ажлуудыг үргэлжлүүлэн дэмжих нь чухал гэж бид үздэг. Иргэд, олон нийт зодож шийтгэх тухай хандлагаа өөрчлөхгүй бол хүүхдүүд зодуур амссаар байх болно. Монголд эцэг, эхчүүд, асран хамгаалагчид, багш нарын дунд эерэг, хүчирхийллийн бус хүмүүжлийн хэлбэрүүдийг сурталчлахад зан үйлийг өөрчлөх тал дээр анхаарах нь маш чухал. Тийм ч учраас бид эерэг хүмүүжлийн арга хэлбэрүүдийг олон нийтэд түгээж, хүүхдээ хүмүүжүүлэх зан үйлээ өөрчлөхөд эцэг эхчүүдэд бодитоор дэмжлэг үзүүлж байгаа юм. Хүүхдийг зодож шийтгэх асуудлаарх эцэг, эхчүүдийн олон нийтийн хандлага, эцэг, эхчүүдийн зан үйлд өөрчлөлт гарч байгаа эсэхийг судлах зэрэг урт хугацааны нөлөө харуулсан судалгаа хийхийн тулд Засгийн газар нөөц чадавхиа нэмэх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн бие махбодын шийтгэлийн тархалт, давтамжинд нөлөө үзүүлж байгаа эсэхийг хянахад хууль тогтоогчдод туслах юм.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дээрх мэт тодорхой ажлууд хийгдэж байгаа ч хөшигний ар дахь хүүхдийн хүчирхийлэл, цоожтой хаалга, цонхны цаана чадахгүй, мэдэхгүй, гэнэн томоогүйн алдаа хүүхдэд шийтгэл болж ирсээр л байна.