Үрээ голсон эцэг, эхчүүдэд хатуу хариуцлага тооц
Бид дэлгүүр хэсэж байх үедээ авна гэж тооцоолоогүй ямар нэгэн бараа таалагдвал тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн худалдан авалт хийдэг. Гэхдээ гэртээ харьсан хойноо нөгөө бараа маань таалагдахгүй бол хэн нэгэнд өгөх аль эсвэл шууд л гаргаад хаячихдаг. Ийнхүү хэлэх болсны учир гэвэл сүүлийн үед манай улсад гологдсон бараа мэт хувь тавилантай хүүхдийн тоо нэмэгдэх боллоо.
Сонин, сэтгүүл, телевиз, радиогийн мэдээгээр төрсөн хүүхдээ төөрүүлж, хаясан гэх сэрдхийлгэм мэдээлэл гарч байна. Хамгийн сүүлд гэхэд найз залуутайгаа хамт амьдрахын тулд өөрийн төрсөн хүүхдээ "Бөмбөгөр” худалдааны төвд төөрүүлсэн хэрэг олон нийтийг ихэд цочирдуулаад буй.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нэг ой долоон сартай охиныг "Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж, зугтсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн газраас тэднийг баривчлаад байгаа билээ. Энэ бол он гарснаас хойших ганцхан жишээ. Холбогдох байгууллагын мэдээлснээр он гарсаар хүүхдээ төөрүүлж, хаясан гэх таван удаагийн тохиолдол гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэнэ.
Тэр бүү хэл хүүхдээ орцонд хаяснаас болж амиа алдсан харамсалтай тохиолдол ч бий.Хүүхдээ гологдсон бараа мэт зүгээр л гаргаад хаячхаж буй эцэг, эхчүүдээс "Яагаад хүүхдээ төөрүүлж, хаясан бэ” хэмээн асуухад тэд ихэвчлэн "Тэжээж чадахгүй байна. Сайхан амьдрахад минь садаа болж байгаа учраас” хэмээн тайлбарладаг гэх. Энэ нь яг л "Энэ бараа надад таалагдаагүй болохоор би хаячихсан” гэхтэй адилхан сонсогдоно.
Гэтэл эцэг, эхчүүдийн хээв нэг энэ хэлэх хатуу үгний цаана бүхэл бүтэн хүний амь нас, улс орны ирээдүй оршин байна. Ид хийж бүтээх 20-оос дээш насны залуус ажил олдохгүй, мөнгөгүй учраас хүүхдээ тэжээж чадахгүй гэх шалтгааныг хэлээд сууна гэдэг эмгэнэл. Хэрвээ хүн өөрөө хичээл, зүтгэлтэй байж, аливаа ажлыг голохгүй хийвэл Монгол Улсад бэлээхэн ажлын байр олон бий. Үүнийг долоо хоног бүр хэдэн мянган хувиар хэвлэгдэх "Зар мэдээ” сонин батлаад өгөх биз.
Тиймээс ийм өчүүхэн шалтаг хэлж, төрсөн үр хүүхдээ төөрүүлж буй эцэг, эхчүүдэд ногдуулах хариуцлагыг чангатга. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн тухай хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг "Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байх юм.
Уг хуулиас харахад Монгол Улс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа амийг хоёроос гурван өрөө байрны мөнгөөр үнэлж, хариуцлагагүй эцэг, эхчүүдийг 3-6-хан сар л шийтгэж байна. Гэтэл тэд улс оронд хамгийн халтай хэргийг үйлдэж буй хүмүүс шүү дээ. Нэгэнт төөрсөн хүүхэд гудамжид гарна. Та бидний хэлж заншсанаар траншейны тэнэмэл хүүхдийн тоог нэгээр нэмнэ. Ийм иргэдийг улс орондоо бэлтгэж, өгөх хариуцлагагүй эцэг, эхчүүдийг чанга л шийтгэх хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн хэмээн заасан. Анхнаас нь үр хүүхдээ гологдсон бараа мэт хаях эцэг, эхчүүдийг хатуухан ял шийтгэвэл дараа дараагийн хүмүүст сургамж болох юм биш үү. Монголын залуус ажил голдог, ажилгүй, ядуу байгаа нь хариуцлагагүй эцэг, эхчүүдтэй ч холбоотой. Хариуцлагагүй эцэг, эх хариуцлагагүй хүүхдийг л өсгөж хүмүүжүүлнэ. Тиймээс бага дээр нь энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмц. Хуулийн заалт чинь арай зөөлдөөд байгаа юм биш үү, тэдэнд
Н.БАТЗАЯА,
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ