БОДЛОГОО БАЛЛУУРДСАН ОЮУНЫ ӨМЧИЙНХӨН
Оюуны өмч гэдэг хүн төрөлхтний үнэт капитал. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, оюуны бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулж, нөгөө талаас бүтээлийг, эзнийг нь ч хамгаалж чаддаг хана хэрмийг бүтээх нь өнөөгийн дэлхийн чиг хандлага. Дэлхийн хүн амын алс ирээдүйн хөгжлийн гүүр байгалийн баялаг бус тархин дахь баялаг учраас оюуны өмчийг хамгаалах өдрийг жил бүр тэмдэглэн, хэтийн зорилго, тэмүүллээ олон улс тодорхойлдог. Өнөөдөр тэр өдөр нь.
Монгол Улс дэлхийн 120 гаруй улсын эгнээнд зүй ёсоор багтсан, дэлхийн хөгжлийн шинэ бүтээгдэхүүний хэрэглэгчийн хувьд оюуны өмчийг хамгаалах, хөгжлөө тодорхойлох асуудал зүй ёсоор тавигдах ёстой. Хэн бүхэнд өдөр бүр шинэ тутам санаа төрж, магадгүй тэр нь ирээдүйн томоохон бүтээл болох ч үндэслэл бий.
Харамсалтай нь манай улсад оюуны өмчийн тухай ойлголт хангалтгүй, түүнийг хамгаалах, хөгжүүлэх бодлого ч саяхныг хүртэл асуудал үүсгэж байв. Уран бүтээлч нэгний бүтээсэн дуу, кино, ном, зохиолоос эхлээд хувцас, хэрэглэл хүртэл өөр, өөрийн патенттай байх ёстой. Түүнийхээ хүчээр ашгаа хүртэнэ. Гэвч оюуны өмчийн бүтээлийг хамгаалах орчин хангалтгүй байгаагаас эдгээр бүтээлийн эзэд байнга "халдлагад” өртөж бусдад бүтээлээ алддаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нэг ном худалдаанд гарлаа гэхэд маргааш нь түүнийг хууль бусаар хувилж олшруулаад борлуулж байх жишээтэй. Үүгээр зогсохгүй хэн нэгэн шинэ бүтээлийн санаа гаргаад түүнийгээ патентжуулж авахаар холбогдох газартаа өгчихөөд хариу хүлээх зуураа л бусдад алдагддаг тохиолдол байдгийг эх сурвалжууд хэлдэг. Гэхдээ энэ бол дөнгөж анхан шатны асуудал.
Цаашлаад бидэнд бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн зах зээл дээр гаргах хэтийн зорилго байх учиртай. Гэвч дотооддоо оюуны бүтээгчээ хамгаалж чадахгүй байгаагаас энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй шилний цаанаас долоохтой адил л сууцгааж байгаа. Энэ тухай өнгөрсөн жилүүдэд улиг болтлоо яригдсан. Бүтээл үйлдвэрлэгчид ч хэдэнтээ тэмцэл өрнүүлж байлаа.
"ЧАНАРТАЙ ПАТЕНТ, ХҮЧТЭЙ БРЭНДТЭЙ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ”
Үүний хүчинд оюуны өмчийг хэн нэгэн хүн ганцаараа хамгаалах бус бодлогоор хөгжүүлэх ёстойг төр засаг анхааралдаа авч, одоогоос хоёр жилийн өмнө Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Стратегийг батлахдаа "...Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд оюуны өмчийг үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгсэл, мэдлэгт суурилсан эдийн засгийн тулгын чулуу болгон ашигласан байдаг бөгөөд манай улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд чанартай патент, хүчтэй брэнд, соёл, урлагийн хосгүй бүтээл бүхий оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх нь зүйтэй байна. Мөн түүнчлэн оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх нь зөвхөн төрийн байгууллага, эсхүл оюуны өмчийн эрх эзэмшигчдэд хамааралтай бус, харин нийгэм, эдийн засгийн бүх салбарт хамаарах асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар оюуны өмчийн тогтолцоог Монгол Улсын хөгжлийн бодлого, шаардлагад нийцүүлэн цогцоор нь шинэчлэх зорилгоор Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги (цаашид "стратеги” гэх)-ийг боловсруулав....” хэмээн тунхаглаж байлаа.
ШИНИЙГ САНААЧЛАГЧ, ЗОХИОН БҮТЭЭГЧ, УРАН БҮТЭЭЛЧИЙГ УРАМШУУЛНА
Хэрэв энэ стратеги хэрэгжвэл Монгол Улс дэлхийд гарах сайхан боломж болохоор үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байв. Оюуны өмчтэй холбоотой хэд хэдэн салбарт хууль эрх зүйн орчныг өөрчилж, боловсронгуй болгохыг тодорхойлсон байна. Тухайлбал, уламжлалт мэдлэг, ардын урлагийн бүтээлийг бүртгэх, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, генетик нөөц болон түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашигласнаар бий болох үр ашгийг шударга хуваарилах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, соёл, урлагийн салбарт оюуны өмчийн талаар баримтлах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх гэх зэргээр үйл ажиллагааны дараалал уртаар хөвөрч байна.
Хамгийн гол нь хэн бүхний хүсээд шаардаад байдаг өнөөх бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих тогтолцоог ингэж тодорхойлжээ. Үүнд, оюуны өмч бий болгоход чиглэсэн их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд патентийн мэдээллийг ашиглах нийтлэг журмыг тогтоож нэвтрүүлэх, ногоон оюуны өмч бий болгоход чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлэх, жижиг, дунд болон хөнгөн, хүнд үйлдвэр, үйлчилгээний салбарт оюуны өмч бий болгох үйл ажиллагааг дэмжих тогтолцоог бүрдүүлэх гэж байна. Мөн соёл, урлагийн салбарт бүтээл туурвих үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шинийг санаачлагч, зохион бүтээгч, уран бүтээлчийг хөхиүлэн дэмжих, урамшуулах арга замыг боловсронгуй болгох, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр, эдийн засгийн хувьд үр ашигтай оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамгаалах ажлыг дэмжих арга хэмжээ авах, үндэсний болон орон нутгийн брэнд бий болгохоор хүртэл заасан байна. Зөвхөн эдгээрээр зогсохгүй оюуны өмчийн мэдлэгийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюуны өмчийн салбарын хүний нөөцийг хөгжүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх тухай ч тусгай бүлэг болгон боловсруулжээ.
БҮТЭЦ ӨӨРЧЛӨГДӨЖ, СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТ ЭЗЭНГҮЙДЖЭЭ
Энэхүү стратеги зүгээр ч хэсэг нөхдийн хийсэн ажил биш. Дэлхийн оюуны өмчийн газрын мэргэжилтнүүдийн зөвлөхөөр оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, хамгаалах тал дээр маш сайн боловсруулагдсан стратеги болохыг тухайн үед мэргэжилтнүүд онцолж байв. Санхүүжилт нь тодорхой. Улсын төсөв, хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж хандив, гадаад дотоодын хөрөнгө оруулалт гээд.
Стратегийн хэрэгжих хугацаа 2015-2018 он. Нэг ёсондоо монголчууд бид хамгаалалт сайтай оюуны өмчөөрөө дотоодоо хангаад зогсохгүй дэлхийд гаргахаар өрсөлдөж байх боломж, хугацаа хэдийнэ бий болоод өнгөрчээ. Ажлаа дүгнээд хэлэх хугацаа хэдийнэ эхэлчихэж. Тэгвэл өнөөдөр энэ байдал ямар байна вэ. Таг чиг. Оюуны өмчийн стратегийг хэрэгжүүлэх хүрээнд... гэж ирээд л хийж явуулсан үйл ажиллагаа хэвлэлийн хуудаснаа ч харагдсангүй. Стратеги хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын гишүүн, асуудал эрхэлсэн байгууллага, мэргэжлийн хүмүүс ч дорвитой дуугарсангүй. Өнөө л урлаг соёлынхон өөр өөрсдийн хөлөөр гүйж хөөцөлдөж энд тэнд тоглохоор болсон, ганц нэг монгол залуус гадаадад томоохон компанид өөрсдийн ур чадвараараа шалгараад ажиллаж байгаа мэдээлэл л олонд түгсэн.
Тиймээс үндэсний стратегийн хэрэгжилт ямар шатандаа яваа, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ажлууд хийснийг тодруулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорив. Мэдээлэл технологийн үндэсний паркад байрлалтай хэвээр. Харин нэгдсэн удирдлага нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт харьяалагдаж, оюуны өмчийн хэлтсүүд л байрандаа хоцорсныг ажилтнууд нь ярив. Үндэсний стратегийг мэдэж, дуулсан хүн байгаа эсэхийг лавлаж хэд, хэдэн хаалга татсаны эцэст гайхмаар мэдээ сонслоо. Өнгөрсөн оны долдугаар сард агентлагуудыг нэгтгэх үеэр тус газрын бүтэц өөрчлөгдөж Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдсэн. Энэ үеэс стратегийн хэрэгжилтийг хангах асуудал эзэнгүйдэж орхигдсоныг ажилтнууд хэлэв. Хариуцсан мэргэжилтнүүд нь ажлаасаа гарч, хийсэн ажил гэж үзүүлэх юм битгий хэл үндэсний стратеги хэн нэгний ширээнээс ч олдохгүй нь ойлгомжтой болов. Бараг энэ талаар дуугарвал сандал ширээтэйгээ үлдэхтэй, үгүйтэй болох тухай яриа ч чих дэлслээ. "Оюуны өмчийн салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ” гэсэн стратегийн заалт эсрэгээрээ хэрэгжиж юун инноваци, оюуны өмчийн хөгжил манатай болжээ.
Үндэсний стратеги гэдэг зүгээр нэг захирамж, шийдвэр биш. Үндэсний хэмжээнд боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болсон асуудал. Гэтэл бүтэц өөрчлөгдөх нэрийдлээр замхарч дундаа орхигдуулж болох асуудал мөн үү, Р.Содхүү дарга аа.
Зууны мэдээ
Б.Энхзаяа