Сирийн Идлибт химийн зэвсгийн дайралт болжээ

Сирийн Идлибт химийн зэвсгийн дайралт болжээ

 

Сирийн Идлиб мужид химийн зэвсгийн дайралт болж, үүний улмаас амиа алдсан хүний тоо 72-д хүрсэн тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн дотор 20 хүүхэд, 17 эмэгтэй байгаа гэнэ.

 

Босогчдын хяналтад байгаа Сирийн баруун хойд хэсгийн Идлиб мужийн Хан-Шейхун хотод өнгөрсөн мягмар гаригт химийн зэвсэг хэрэглэсэн нь тодорхой болоод байна. Химийн зэвсэгт 500 гаруй хүн хордсоныг орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.

 

НҮБ-ын Сирийн асуудлаархи төлөөлөгч Стефан де Мистурагийн мэдээлснээр химийн зэвсгийн дайралтыг шалгахаар цэргийн шинжээчид ажилд орсон гэнэ. Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралджээ.

 

Зарим эх сурвалж Ерөнхийлөгчийн Башар Асадын тал химийн зэвсэг хэрэглэсэн гэж байгаа бол зарим эх сурвалж энэ хэсэгт Оросын онгоцууд дайралт хийсэн гэж мэдээлж байна. Гэсэн ч ОХУ-ын Батлан хамгаалах яам Идлиб хавьд агаарын цохилт хийгээгүй хэмээн мэдэгдлээ. Сирийн Засгийн газрын цэргийн эх сурвалж мөн энэ хэрэгт оролцоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

 

Сирид ажиллаж бай­гаа Хүний эрхийн ажиглагчдын мэдээлс­нээр хүмүүсийн амьсгал бачим­даж, ухаан алдаж, мөн зарим хүний амнаас хөө­с гарч байсан гэжээ. Идлиб мужийн Эрүүлийг хамгаалах албаны дарга Мунзер Халилийн хэлс­нээр зарин, эсвэл хлор ашиг­ласан гэж үзэж бай­гаа­гаа "Ройтерс”-ийн сурвалж­лагчид хэлсэн байна.

 

2013 оноос хойш химийн зэвсэг ашигласан хоёр дахь тохиолдол болж байна. 2013 оны найм­дугаар сард Дамаскийн ойролцоох Гуте хотод химийн зэвсэг хэрэглэсэн.


М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen