Ч.Номин сайд 18.3 тэрбум төгрөгийн "Соёлын эрхийн бичиг" гэгчийг хүүхдүүдэд тарааж, “Бэрх шагай”, “Алдагдсан өдрүүд” зэрэг киног хүчээр үзүүлж магадгүй байна
Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцүүлж буй бөгөөд Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас ирэх оны төсөвт 18.3 тэрбум төгрөгийг "Соёлын эрхийн бичиг" арга хэмжээнд зарцуулахаар суулгасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна.
Энэ талаар салбарын сайд Ч.Номин, “Монгол Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянган хүүхэд бий. 186 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд. Улмаар өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхийн тулд жилд 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг олгоно” гэж тайлбарласан.
-КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНД 2023 ОНД 403 САЯ ТӨГРӨГИЙГ, 2024 ОНД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ТӨСӨВЛӨЖЭЭ-
“Mongol HD” телевизийн захирал асан Ч.Номин 2021 онд Соёлын сайдаар томилогдсон. Тэрбээр сайд болсноосоо хойш "Кино урлагийг дэмжих тухай" хууль баталж, Кино урлагийг дэмжих сан, Кино урлагийн зөвлөл байгуулж жил бүр тодорхой хэмжээний төсвийг улсаас батлуулж ирсэн байдаг. Тухайлбал, Кино урлагийг дэмжих санд 2023 онд 403 сая төгрөг, 2024 онд 2.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулжээ. Энэхүү төсвөөр “Бэрх шагай” хүүхдийн уран сайхны кино, “Нүүдэлчдийн музей” баримтат кино, “Гэрэлт бөмбөлөг” уран сайхны кино, “Алтаргана” уран сайхны кино, “Алдагдсан өдрүүд” уран сайхны кино, “Улсаа урлахуй” баримтат кино, “Хүннү, түүхээс өмнөх түүх” баримтат кино зэрэг 30 орчим төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
-МОНГОЛ УЛСЫГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧЛАХАД 22.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-
Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2024 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилтэд дүн шинжилгээ хийсэн байна. Улмаар Соёлын сайд Ч.Номингийн багцад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 22.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэх аудитын дүгнэлт гарсан байжээ.
Гэтэл уг төсвөөр Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хорооны үйл ажиллагааны зардал гэж тайлагнасан байна.
Ч.Номин сайдын хувьд Кино урлагийн зөвлөлийн санхүүжилтээр “Сэр сэр салхи” киног бүтээж, “Баавгай болох сон” киноны уран бүтээлчдийг Каннын кино наадамд явах боломжоор хангасан” хэмээн онцолж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах 22.6 тэрбум төгрөгөөр хийгдсэн ажлууд бололтой.
-ҮНДЭСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ, ХЭНИЙ Ч МЭДЭХГҮЙ, СОЁЛЫН АЧ ХОЛБОГДОЛ БАГАТАЙ КИНОГ 18.3 ТЭРБУМААР ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ХҮЧЭЭР ҮЗҮҮЛЭХ НЬ-
Тэгвэл Ч.Номингийн хувь Соёлын сайдаар томилогдоод "Кино урлагийн тухай" хуулийг парламентаар батлуулж, Кино урлагийг дэмжих сан байгуулж, Кино урлагийн зөвлөлийн төсвийг жилээс жилд нэмэгдүүлж ирсэн байна. Улмаар 2025 оны улсын төсөвт 18.3 тэрбум төгрөг суулгаж, 16-18 насны өсвөр үеийн хүүхдүүдэд "Соёлын эрхийн бичиг" олгож "үзэгчгүй кино"-г үзэгчтэй болгохоор төлөвлөж буй бололтой. Өөрөөр хэлбэл,18.3 тэрбум төгрөг нь энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр батлагдсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтэд зарцуулагдахаар байна.
Тус хуулийн 8.2-д "Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно" мөн хуулийн. 8.3-д "Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно” хэмээн заасан байгаа юм.
Товчхондоо, Ч.Номин сайдын 2025 оны төсөвт суулгаж буй 18.3 тэрбум төгрөг нь үндэсний гэх тодотголтой “Бэрх шагай”, “Алдагдсан өдрүүд”, “Алтаргана” зэрэг хэний ч мэдэхгүй, үзэгчгүй, соёлын ач холбогдол багатай уран бүтээлийг хүүхэд залууст хүчээр үзүүлэх гэсэн оролдлого байж магадгүй байна.
https://isee.mn/n/71138