Ж.Баярмаа: Хүүхдүүдэд ваучер тараагаад 18 нас хүрэхэд нь саналыг авахаар зэхэж байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.
Энэ үеэр Соёлын яамнаас өсвөр насныханд зориулсан 100 мянган төгрөгийн ваучер тараахаар болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Муу хэлэгддэг социализмын үед бид мөнгөөр кино үздэг байсан. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болоод 34 жил болж байгаа биздээ. Яахаар өсвөр насны хүүхдүүдэд үнэгүй юм үзүүлэх гээд байдаг юм бэ. Би яагаад ч ойлгохгүй байна. Социализмаас дор болж байна шүү дээ. Энэ бол соёл урлаг хэмээх нандин зүйлээр халхавчилсан халамж. Соёл урлаг гэдэг гоё маск зүүгээд ард нь халамж явж байна. Ойлгомжтой шүү дээ. 18 нас хүрэх гэж байгаа залуусыг үзвэр үз гэдэг эрх олгосноор цаанаа яг 18 нас хүрэхэд саналыг нь авах гэж байгаа хэлбэр. Үнэгүй юм үзээд соёлтой, урлагийн мэдрэмжтэй болох юм уу. Соёл урлагийг хүмүүс өөрийн мөнгөөр очиж үзэж таашаал авдаг биз дээ. Түүнээс биш төрөөс шахаад үнэгүй ваучер тараагаад 18 нас хүрэхэд саналаа яаж өгөхөө мэдээрэй гэж байгаа юм шиг сонсогдож байна. Үүнд зарцуулах 18.3 тэрбум төгрөгөөр Завхан аймгийн цэцэрлэгийг барь л даа гэв.
Энэ саналын хариуд УИХ-ын гишүүн, Соёлын сайд Ч.Номин “Зарим нэг боломжтой, чинээлэг айлын хүүхдүүд соёлын хүртээмжийг хангалттай авч байгаа. 2021 оны байдлаар нийт гэмт хэрэгт оролцсон өсвөр насны хүүхдүүдийн тоо 3.7 хувь байсан бол 2022 онд 5.4 хувь болж өссөн. 14-19 насны хүүхдүүд дунд амиа хорлох сэдэлжилт зургаан хүүхэд тутмын нэгэнд байна. ЮНИСЕФ-ийн хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдэд хүний хөгжлийн асуудлаас хамгийн их орхигдож байна. Тодруулбал, эрүүл мэнд, боловсрол, соёлын асуудлаас хамгийн их хохирч байна. Бидний чөлөөт зах зээлийг нь дагаж байгаа АНУ, Франц, Итали, Герман, Солонгос бүх улсуудад ирээүйн хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг бий болгодог. Энэ бол халамжийн бодлого биш, хүний хөгжлийн хөрөнгө оруулалтын бодлого. Бид судалгаан дээр суурилж ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд өсвөр насны 54 мянган хүүхэд судалгаанд оролцсон” гэсэн юм.