Covid бидний тархинд хэрхэн нөлөөлөв? Одоогоор тодорхой болсон зүйлс

Covid бидний тархинд хэрхэн нөлөөлөв? Одоогоор тодорхой болсон зүйлс

 

Хүнд хэлбэрийн өвчлөлийн үед коронавирус мэдрэлийн судал, ялангуяа үнэрлэх мэдрэхүйн булцуун дахь мэдрэлүүдийг гэмтээж болзошгүйг судалгаанууд тогтоожээ.

Covid-ийн анхан шатны, хамгийн ноцтой шинж тэмдгүүд тархинд илэрдэг бөгөөд үүнд үнэрлэх мэдрэхүйгээ алдах, уймраа болох, толгой өвдөх, дэмийрэх, цус харвах зэргийг дурдаж болох юм. Цар тахал эхэлснээс хойших дөрвөн жил гаруйн хугацаанд эрдэмтэд Covid тархины эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэйг судалж мэджээ.

Covid-оор өвчлөөд эдгэсэн сая сая хүмүүс ой санамж нь бүдгэрэх, сэтгэл гутрах, сэтгэн бодох хурд саарах зэрэг эрүүл мэндийн байнгын асуудалтай болсон бөгөөд улмаар ажиллах чадвар, ажлын гүйцэтгэл нь буурчээ. Эдгээр шинж тэмдгүүд хожим зөнөгрөх болон сэтгэцийн бусад эмгэгийн тохиолдол эрс нэмэгдэхийн урьтал болж, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд учруулсан цар тахлын сөрөг нөлөө урт хугацаанд үргэлжлэх вий гэж эрдэмтэд санаа зовниж байна.

Судалгаанууд юу харуулж байна вэ?

2021 онд Их Британийн судлаачид цар тахлын өмнө ба дараа авсан тархины рентген зургуудыг харьцуулан судалж, урьдчилсан дүнгээ танилцуулжээ. Үүнд тархины ялангуяа үнэрлэх мэдрэхүй хариуцсан хэсэгт гэмтэл гарч, тэр хэсгийн хөгшрөлт хурдассан шинж тэмдэг байгааг илрүүлсэн байна. Covid-19 цар тахлын эхэн үед хөнгөн өвдсөн хүмүүст ч дээрх шинж тэмдгүүд илэрчээ.

Судалгаанаас үзвэл Covid-оос үүдсэн танихуйн процессын доголдол ялангуяа хүнд хэлбэрээр өвдсөн ахимаг насны хүмүүст олон жилийн турш үргэлжлэх боломжтой байгаа аж. Тухайлбал:  БНХАУ-ын Covid-ийн эхний давлагааны үед хэвтэн эмчлүүлсэн өндөр настнуудад хийсэн судалгаанаас үзвэл хоёр жил хагасын дараа тэдний 40 хувьд нь сэтгэн бодохуйн процессын эмгэг үүссэн байна. Харьцуулахад тэдний халдвар тусаагүй гэр бүлийн хүмүүсийн ердөө 14 хувьд дээрх эмгэг үүсжээ.

2024 онд Их Британид хийгдсэн өөр нэг судалгаанаас харахад Covid-ийн халдвар авч эмчлүүлээд эмнэлгээс гарсан хүмүүсийн сэтгэц болон сэтгэн бодох чадварт гарсан эмгэг өөрчлөлт гурван жилийн дараа улам даамжирсан нь ажиглагджээ. Тэдний тал хувь нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон бол 25 хувьд сэтгэн бодох процессын хямрал ажиглагджээ. Мөн есөн хүн тутмын нэгний оюуны чадамж буурч, IQ чадвараар тооцвол дунджаар 100 байдаг IQ оноо нь 30 оноогоор доошилжээ.

Ой санамж алдагдуулдаг Альцхаймерын өвчтэй хүмүүст коронавирус тархины үрэвслийг улам хүндрүүлж, дархлааны эсүүдийг гэмтээх ба өвчний явцыг улам түргэсгэдэг болохыг судалгаанууд харуулсаар байна. Өмнө нь эрүүл байсан ахмад настнууд ч Covid-оор халдварласны дараа сэтгэн бодох чадвараа алдах, зөнөглөх өвчнөөр шинээр өвчлөх эрсдэл нэмэгдэж байв.

Мөн Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвдсөн залуу хүмүүст ой санамж, сэтгэхүйд нь нөлөөлсөн тархины асуудал үүсэж байжээ. Эдгээр шинж тэмдэг насан туршийнх байж болзошгүй бөгөөд ихэвчлэн бие болон оюуны өндөр ачаалал авах үед өдөөгдөж, хүндэрдэг. Улмаар хүний ажиллах, нийгэмших чадварыг доголдуулдаг аж.

113 мянга орчим хүнийг хамруулсан, өнгөрсөн хоёрдугаар сарын судалгаанаас үзэхэд амьдралынхаа аль нэг үед Covid-ийн халдвар авсан хүн огт халдвар аваагүй хүнтэй харьцуулахад ой санамж, гүйцэтгэх чадварын хувьд ихээхэн доройтсон байжээ. Мөн цар тахлын хожуу үед вирусээр өвчилсөн хүн Covid-ийн анхны “альфа” хувилбараар өвчилсөн хүнтэй харьцуулахад ой санамжийн доголдол арай бага байсан байна. Түүнчлэн хоёр ба түүнээс дээш удаа вакцинд хамрагдсан хүмүүсийн сэтгэн бодох чадвар бага зэрэг сайжирсан нь илэрснийг онцолсон аж.

Covid-ийн хөнгөн өвчлөлийн тохиолдлуудад ч сэтгэн бодох чадвар буурч, дунджаар IQ-ийн гурван оноо алдсантай тэнцүү байжээ. Харин байнга амьсгал давчдах, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг нь арилаагүй яваа хүмүүсийн IQ чадамж нь зургаан оноогоор буурсан байв.

Covid тархийг хэрхэн гэмтээдэг вэ?

Covid халдварын тархинд үзүүлэх нөлөөний талаар судалгаанууд эрчимтэй хийгдэж буй ч ердөө багахан хэсгийг нь тайлж мэдээд байна. Хүнд хэлбэрийн өвчлөлийн үед вирус мэдрэлийн судал, ялангуяа үнэрлэх мэдрэхүйн булцуун дахь мэдрэлүүдийг  гэмтээж болзошгүйг судалгаанууд тогтоожээ.

Энэ булцуунд үнэрийн сэрлийг тархинд дамжуулдаг мэдрэлийн судаснууд бий. Харин гэмтлийн улмаас үүссэн доголдол  хэдэн ч жил үргэлжлэх боломжтой ажээ. Зарим тохиолдолд вирус энэ замналаар тархинд халдварлаж, бүтцийг нь өөрчилснөөр сэтгэн бодох үйл ажиллагаа нь доголдож, ядарч сульддаг байна.

Коронавирусийг урт хугацаанд тээх үед, эсвэл анх удаа халдвар авах үед мэдрэлийн үрэвсэл үүсэж, дархлааны систем доголдуулж болзошгүй аж. Энэ үед эсрэг биетүүд болон “Т” эсүүд тархины эрүүл эс рүү андууран довтолж цусны судсыг гэмтээснээр тархи ба цусыг заагладаг ханыг эвддэг байна. Өөр нэмэлт судалгаанаас үзвэл дархлааг идэвхжүүлэх үүрэгтэй цус бүлэгнэснээр тархи руу хүчилтөрөгч болон шим тэжээл зөөвөрлөгдөх нь удааширдаг аж. Мөн кортизол, допамин зэрэг гол даавруудын түвшин өөрчлөгдсөнөөр гэдэсний эрүүл мэндэд ч өөрчлөлт орох боломжтой юм.

Эдийн засагт үзүүлж болзошгүй нөлөө

Covid-19 нь паркинсон, зөнөгрөх зэрэг өвчлөлтүүдэд урт хугацаандаа  ямар нөлөөтэй нь тодорхойгүй байгаа ч эрсдэл нь өндөр байна. Эдгээр нь насан туршийн, эдгэшгүй, улам даамжирдаг өвчнүүд бөгөөд нийгэмд асар их хохирол учруулдаг. Зөвхөн өвчтөнүүдэд бус өвчтөний ар гэрийнхэн, асран халамжлагч мөн өргөн хүрээндээ эрүүл мэндийн салбарт сөрөг нөлөөтэй аж.

Урт хугацаанд үргэлжилсэн Covid-19 цар тахал дэлхийн эдийн засагт хэдийн их хэмжээний хохирол дагууллаа. Covid гэдэг нь SARS-CoV-2 вирусээс хойш гарсан шинэ, дахин дэлгэрсэн мөн одоо ч үргэлжилж буй өвчлөлтүүдийг бүхэлд нь нэрлэсэн ерөнхий нэр томьёо юм.

Урт хугацаанд үргэлжилсэн Covid-19 цар тахал 2023 оны эцэс гэхэд дэлхий дахинд 400 сая орчим хүнийг өвчлүүлжээ. Шинжээчид хөгжингүй орнуудын нэг жилийн хугацаан дахь эдийн засгийн хохирлыг 864 саяас 1.04 их наяд ам.доллар гэж тооцоолжээ. Энэ нь ойролцоогоор дэлхийн нийт эдийн засгийн нэг хувь юм. Байнга ядарч сульдах, төвлөрөх чадвар муудах зэрэг одоо ч иргэдэд тулгарч буй түгээмэл эрүүл мэндийн асуудал, өвчлөлтүүд нь эдийн засгийн ихэнх хохирлыг бий болгожээ.

 

https://gogo.mn/r/9njge

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen