Монголд “нутагшсан” мэс заслууд
Өнгөрсөн оны эрт илрүүлгийн дүн мэдээллээс харахад монголчуудын эрүүл мэнд нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал болоод байна. Бид дэлхийд хавдрын өвчлөлөөр тэргүүлж, мэдээлэл хомсоос болж, иргэд гаднын оронд очиж, өндөр төлбөртэй эмнэлэг бараадах нь хэвийн үзэгдэл болоод уджээ. Тэгвэл манай улсын хувьд сүүлийн жилүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ямар эмчилгээ, мэс заслыг нутагшуулсан тухай мэдээллийг хүргэе.
Бөөр шилжүүлэн суулгах мэс засал
Монголчуудын хувьд жилийн дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, хүйтэнд дороосоо даарах болон давсны хэт их хэрэглээний улмаас бөөрөнд нь асуудал үүсдэг. Улмаар өвчнөө эрт оношлохгүй удсанаас болж, бөөр шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрч, гаднын орныг зорьдог байсан цаг саяхан. Тэгвэл манай улс бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай нутагшуулсан байна. Англи улсын иргэн проф. Маурис Слапак, DHL компаний захирал Девид Аллан нарын санхүүгийн дэмжлэгтэйгээр БНХАУ, Тайланд, Финлянд, Англи улсад багийн гишүүд болох 14 эмч сувилагч нар 1-6 сарын хугацаатайгаар анх бөөр шилжүүлэн суулгах мэс засалд суралцаж ирсэн байдаг. Ингээд манай эмч нар эх орондоо амьд донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 153 хүнд, үүнээс 12 хүнд тархи нь үхсэн донороос буюу кадавр донороос бөөр шижүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн юм. Эмчилгээний үр дүн 93 хувьтай байдаг ажээ. Монгол Улсад нийт 15 гемодиализын төвд 170 аппаратад 650 гаруй эмчлүүлэгч эмчилгээнд тогтмол ордог ажээ. Үүнээс УНТЭ-т 170 гаруй хүн долоо хоногт 2-3 удаа гемодиализын эмчилгээнд (бөөр орлуулах аппарат) орж,150 гаруй хүн хүлээлтэд байдаг гэсэн статистик мэдээлэл байдаг ажээ.
Тархины судсан дотуурх мэс засал
Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлэг хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулсан байна. Ингэснээр тархи, зүрхний судсан дотуурх мэс заслыг эх орондоо хийдэг болсон юм. Энэхүү судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм орчим зүслэг хийн, үүгээр артерийн судсыг дамжуулан тусгай материалаар хийгдсэн үсний нарийн ширхгийн дайтай гуурс оруулан, цээжний гол судас, зүрхний гол судсаар дамжин тархи руу салаалсан гол том судас, улмаар тархины гүн хэсгийн жижгэвтэр судаснууд руу дамжиж эмчилгээ хийх цэгтээ хүрдэг ажээ. Ийнхүү тухайн хэсэг газарт илэрсэн судасны цүлхэн, артери венийн судасны эмгэг сүлжээрэл болон хавдрыг тэжээгч судаснуудад хүрч, дотор талаас нь мэс ажилбарыг хийдэг байна.
Энэ судсан дотуурх мэс заслын зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн өөрийнх нь өртөг 30-80 сая төгрөг болдог ч, манай эмнэлгүүдийн хувьд 10 гаруй сая төгрөгөөр хийж байгаа. Харин гаднын өндөр орны эмнэлэгт очиж хийлгэвэл 80-200 сая төгрөг болдог гэнэ.
Тохойны үе бүтэн солих мэс засал
Өнгөрсөн 2021 онд ГССҮТ-ийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон Монголд анх удаа “Тохойны үе бүтэн солих” мэс заслыг амжилттай хийж, эх орондоо нутагшуулсан юм. Энэ тухай багийн ахлах Б.Бүргэд "Монголд анх удаа 20 жилийн өмнө багштайгаа хамт мөрний үе солих мэс засал хийж нутагшуулж байлаа. Тус мэс засал нь өнөөдөр өдөр тутамд хийгддэг болсон. Тохойн үений бэртэл гэмтэл ихэссэн учир багийн нөхөдтэйгөө хамтарч Монголдоо анх удаа энэ төрлийн мэс заслыг маш амжилттай хийлээ. Цаашдаа энэ мэс заслыг нутагшуулах бололцоотой. Энэ мэс заслыг хийснээр Хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн зогсоож, тухайн хүний амьдралын чанар сайжрах боломжтой юм. Цаг ямагт шинэ содон зүйлийг нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй баг хамт олондоо талархал илэрхийлье" гэж байв.
Шагайн хиймэл үе солих мэс засал
Харин энэ он гарснаар ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал, эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулсан байна. Мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан, тус тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын мэс заслын баг бүрэлдэхүүн шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна. Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовууриар шаналж буй иргэд үйлчлүүлэгчид олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэж байгаа юм.
Дээд мөчний хавдрын хиймэл үе суулгах мэс засал
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяраар ахлуулсан үений мэс заслын баг өнгөрсөн жил Монгол Улсад анх удаа атгаал ясны дээд хэсгийн гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь авч мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба энэ удаагийнх нь дээд мөчид хийсэн анхны тохиолдол юм. Энэхүү мэс заслыг хийснээр мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах, эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, иргэд гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна. Энэхүү эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин