Танилц: Группээ сунгуулах шаардлагагүй 97 төрлийн хугацаагүй өвчний оношийн ЖАГСААЛТ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, "Хугацаагүй өвчний оноштой /97 төрөл/ 20,200 хүнийг жил бүр дуудаж группийн хурлаар оруулдаг байдлыг болиулсан" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тиймээс хугацаагүй өвчний оношийн жагсаалтыг танилцуулж байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын хавсралтад даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтыг тусгаж өгчээ. Тус жагсаалтаас бид хугацаагүй өвчний оношинд хамаарахыг түүлээ.
Үүнд,
- Амьсгалын болон бусад эрхтний маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн (МОЭТС) бүх тохиолдол /Сэдрэлийн ба намжмал үе/
- Бруцеллёз /Ээнэгшил бүрэн алдсан, өөртөө үйлчлэх чадваргү/
- Хачигт энцафалит /Эрхтэн тогтолцооны саажилт, үлдэц хэлбэр/
- Альцгеймер өвчний тэнэгрэл, судасны гаралтай өвчний тэнэгрэл, пикийн, хантингтон өвчний тэнэгрэл, халдварын шалтгаант, тархины гэмтлийн шалтгаант, эпилепсийн үеийн тэнэгрэл /Бүрэн тэнэгрэлд орж бусдын байнгын асрамж шаардлагатай бол/
- Өвчний төгсгөлийн үе буюу шизофренийн негатив, позитив шинжийн аль аль нь арилахгүйгээр илэрч, бие даан амьдрах чадваргүй, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол
- Шизофренийн хэв шинжит эмгэг /Өвчний төгсгөлийн үе буюу үлдэц бүхий шинжтэй, бие даан амьдрах чадваргүй, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол/
- Байнга дэмийрэх эмгэг /Өвчний төгсгөлийн үе буюу солиорол (системчлэгдсэн дэмийрэл) тод илэрч бие даан амьдрах чадваргүй, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол/
- Оюуны хүнд хомсдол /Oюуны хүнд хомсдол (IQ 20-34) /Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 3-6 насны хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй/
- Оюуны гүнзгий хомсдол /Oюуны гүнзгий хомсдол (IQ 20 хүртэл) /Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 3 наснаас бага хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй/, байнгын гардан асаргаа шаардлагатай бол/
- Захын судасны эмгэг /Энэ өвчнөөр хөл эсвэл гар аль нэг түвшинд тайруулсан/
- Дерматомиозит, полимиозит / Өндөр идэвхжилтэй, түгмэлээр олон эрхтэн тогтолцоог гэмтээж, аль нэгэн эрхтний үйл ажиллагааны дутагдал илэрсэн байх/
- Ясны төрөлхийн болон олдмол эмгэгүүд (несовершенный остеогенез, гиперостоз, ясны тэжээл алдагдлын үхжлүүд /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
- Нурууны эмгэгүүд (дорсопати, нуруу гулсах, спондилопати барьцалдаат спондилитын хүндэвтэр хэлбэр) /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг эсвэл дотор эрхтний үйл ажиллагааны алдагдал болон энэ өвчний үед гар, хөл тайрах мэс засал хийгдсэн, хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал III-IV зэрэг/
- Ясны архаг идээт үрэвсэл (остеомиелит, ясны үхжил, пажетийн өвчин, яс ясны чөмөгний үрэвсэл, гэмтлээс хатуурал, хөндий үүссэн) /Энэ өвчний улмаас хөл тайрах мэс засал хийгдсэн, хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал III-IV зэрэг/
- Рейно хам шинж / Өвчин даамжирч гарын хуруунуудад их хэмжээний үхжил үүсч тайрах мэс засал хийлгэсэн/
- Ясны бүтцийн эмгэгүүд (хүнд хэлбэрийн ясны сийрэгжилт, яс зөөлрөлт, остеит педжетийн, реклингхуазен, бехтеровын өвчин) / Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
- Мөгөөрсний эмгэгүүд (Легга-Кальве-Пертесийн өвчин, остеохондроз, хондродисплазия, остеодисплазия, остеохондропатия) /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
- Булчин, шөрмөс, зөөлөн эдийн өвчин /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
- Амьсгалын эрхтний гаж хөгжил, дутуу хөгжил, нуруу, цээжний хэнхэрцгийн деформаци, фиброторакс /Амьсгалын дутагдал III, зүрхний архаг дутагдлын "D" үе шат Спирографи: VC≤50%, MLV50%, FEV1/VC< 40%, ЭхоКГ: баруун ховдлын агших чадвар буурч уушгины гемодинамик алдагдах/
- Уушигны завсрын эдийн эмгэгүүдийн улмаас үүссэн фиброз, хөндий /Уушгины фиброз: зөгийн үүрийн шинж, амьсгалын архаг дутагдлын III зэрэг, зүрхний архаг дутагдлын "D" үе шат/
- Гуурсан хоолой тэлэгдэх өвчин /Амьсгалын дутагдлын III зэрэг, уушгины цус алдалтын улмаас цус багадалтын III зэрэг, бөөрний амилоидозын улмаас бөөрний дутагдалын III зэрэг, тураалын III зэрэг, зүрхний архаг дутагдлын "С", "D" үе шатын аль нэг илрэх/
- Элэгний эмгэг /Элэгний цирроз Чайльд-Пьюгийн ангиллаар "С"зэрэг/
- Бөөрний дутагдал /Бөөрний архаг дутагдал IV, V үе /түүдгэнцрийн шүүлтийн хурд 30 мл/мин/-ээс буурсан үед/
- Чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлтэй /Том ба жижиг судасны хүндрэлийн улмаас (хараа бүрэн алдсан, гемодиализад ордог эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, шаркогийн хөл үүссэн) эрхтэн тогтолцооны архаг дутагдалтай/
- Тархмал хордлогот бахуу / Бамбайн хордлогын хүнд хэлбэр: цусны эргэлтийн дутагдал/
- Гипотиреоз /Төрөлхийн хэлбэр оюуны болон биеийн хөгжлийн илэрхий хоцрогдолтой/
- Өнчин тархины ба бусад шалтгаантай өсөлтийн дааврын дутагдал / биеийн өндөр 131-140 см бол, биеийн өндөр 130 см буюу түүнээс доош бол/
- Цус бүлэгнэлтийн эмгэг /Виллебрандын өвчин, гемофили А ба В
- Харааны талбай хоёр нүдэнд 10о хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байсан ч) эсвэл "Глауком өвчний оношилгоо, эмчилгээ"-ний стандартын дагуу хоёр нүдний хүнд зэргийн харааны талбайн алдагдалтай
- Олдмол дүлий үед (2 чихний сонсгол 80 дБ-ээс дээш бууралттай бол) хэлтэй бол
- Төрөлхийн таг дүлий (хэлгүй бол)
- Аутоиммунны өвчин, хамрын хөндийн мэс заслын дараах хамрын салстын үрэвсэлт өвчний хүндэрсэн хэлбэр, олон эрхтний дутагдал (Вегенер)
- Дууны хөвчийн хоёр талын саа, 10-оос дээш мэс засалд орсон дахилтат хэлбэрийн төвөнхийн папилломатоз, дуугүй болох
- Протез хийвч үйл ажиллагаа нь сэргэхгүй болсон эрүү тагнайн гажиг
- Түлэгдлийн улмаас хамрын нүх нарийсах, дээд доод зовхи гадагш эргэх, дээд, доод уруулын хэлбэр алдагдах, нүүр муруйх, нүүрний гоо сайхны эрс алдагдалд орсон бол
- Нарийн, бүдүүн гэдсэнд хагалгаа хийлгэсний дараа ямар нэг хэлбэрийн цоорхой үүссэн, цоорхойг бөглөх мэс засал 2-оос дээш удаа хийгдсэн, цаашид бөглөх боломжгүй, өөрөө аяндаа бөглөрөх боломжгүй тохиолдолд
- Ходоодоо бүрэн тайруулж, зондоор хооллодог
- Хоёроос дээш удаа шээдэг сүвний нарийсалд мэс засал хийсэн боловч сүвний нарийсал дахисан, нөхөн сэргээх боломжгүй, умдагны дээгүүр гуурстай тохиолдолд
- Давсгийг бүрэн авах мэс засал хийлгэсэн, хиймэл давсганд гуурстай тохиолдолд
- Парапроктит өвчний улмаас хэд хэдэн удаа хагалгаа хийлгэж байнгын цоорхойтой, мэс засал хийгээд үр дүнгүй
- Хуниас булчингийн үйл ажиллагаа 50 хувиас дээш алдагдсан тохиолдолд
- Онош нь бүрэн батлагдсан алсын болон ойрын эрхтэндээ үсэрхийлж IV үедээ орсон хорт хавдрууд
- Хорт хавдрын үе шатнаас үл хамааран хавдрын эмчилгээнүүдийн улмаас биед үүссэн эдгэршгүй өөрчлөлтүүд (индурац, түр хугацаанд болон насан туршид тавигдсан цоргууд, мөч тайрагдсан байдал)
- Удамшлын гаралтай арьсны өвчнүүдийн хүнд хэлбэр /төрөлхийн цэврүүт хөрс хайлал, загасан хайрстал, тархмал, кератодермийн, тархмал ба хязгаарлагдмал, нейрофиброматоз/
- Биеийн гадаргууны 18 хувиас бага талбайтай 3, 4 дүгээр зэргийн түлэгдлийн улмаас гар, хөл, хүзүү, толгойн хөдөлгөөнийг эрс хязгаарласан нөхөн сэргээх мэс засал эмчилгээнд засагдаагүй бол сорви бол
- Шилбэ аль нэг түвшинд мухар
- Гуя аль нэг түвшинд мухар бол
- Хөлийн хуруунууд тайрагдсан тулах эрхтний үйл ажиллагаа хүндээр алдагдсан
- Түнхний үеэр тайрагдсан
- Хөлийн тавхай Шпорын үеэр, Лисфранкийн үеэр тайралт хийгдэж мухар болсон тохиолдолд
- Нэг гар аль нэг түвшинд мухар
- Нэг гар аль нэг түвшинд мухар, нөгөө гарын үйл ажиллагаа хязгаарлагдсан
- Хоёр гар аль нэг түвшинд мухар
- Гарын эрхий хуруу угийн үеэр эсвэл нэг гарын бусад 2 болон түүнээс дээш хуруу 2 дугаар үеэр тайрагдсан тохиолдол
- Мөр, түнх, тохой, өвдөг, шагайн хиймэл үе хийлгэсний дараа үйл ажиллагаа сэргээгүй эсвэл хүндрэл өгсөн тохиолдолд (2 талдаа)
- Тархины харвалтын (инсульт) үлдэц урхаг, судасны мэс заслын дараах ба тархины судасны эмгэгийн уршиг /Бартел-индекс 40-55 оноо Өргөтгөсөн Бартел- индекс 20-65 оноо, эсвэл Үйлдлийн хамаарлын үнэлгээ 54-71 оноо/
- Тархмал хатуурал, түүнтэй төстэй тархи нугасны аутоиммун шалтгаант үрэвслийн үлдэц урхаг (оптикомиелит Девик, Бехчетийн өвчин, нейросаркоидоз, системийн коллагенозын ТМТ-ны хэлбэр гэх мэт) /Бартел-индекс ≤35 оноо, Өргөтгөсөн Бартел- индекс ≤15 оноо, эсвэл Үйлдлийн хамаарлын үнэлгээ ≤53 оноо, эсвэл Өргөтгөсөн Курцке үнэлгээ 7-9,5 оноо/
- Тархины хавдрын урхаг үлдэц (мэс засал, хими ба туяа эмчилгээний дараах байдал /Бартел-индекс 40-55 оноо, өргөтгөсөн Бартел- индекс 20-65 оноо, эсвэл Үйлдлийн хамаарлын үнэлгээ 54-71 оноо/
- Гавал-тархины гэмтлийн үлдэц урхаг
- Хөдөлгөөний эмгэг (Паркинсоны өвчин, паркинсонизм, дистони) зэрэг 97 төрлийн хугацаагүй өвчний онош багтжээ. Жагсаалтыг бүрэн эхээр нь энд дарж харна уу.