Жолооны эрхгүй хүн автомашин жолоодох зөрчил буурахгүй байна
2024 оны III улиралд улсын хэмжээнд 2.443.823 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөн ба 71.3 хувь нь Нийслэлд, 28.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 92.8 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.8, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1.6, хүний биед халдах зөрчил 0.6, гэр бүлийн хүчирхийлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувийг жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил эзэлж байна. Тодруулбал,
-Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 17125,
-Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409,
-Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 12164,
-Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3768 зөрчил бүртгэгджээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад жолооны эрхгүй хүн автомашин жолоодсон зөрчил 23.6 хувиар, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 36.7 хувиар тус тус өссөн байна. Харин жолооны эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 55.7 хувиар буурчээ.
Мөн хугацаанд танхайрах, хуурамч дуудлага, мэдээлэл өгөх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, эд хөрөнгө устгах, гэмтээх, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил өссөн байна. Тухайлбал, танхайрах зөрчил 49.4, хүүхдийн эрхийн зөрчил 26.6 хувиар тус тус өссөн бөгөөд бусад зөрчилтэй харьцуулахад гаралт нь хамгийн их хувиар өссөн дүнтэй байна.
Зөрчлийн улмаас бусдад 76 тэрбум төгрөгийн хохирол учирч, 45 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.