Хотын даргаар Х.Нямбаатар улирч, НИТХ-ыг А.Баяр удирдана

Хотын даргаар Х.Нямбаатар улирч, НИТХ-ыг А.Баяр удирдана

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Өнгөрсөн баасан гарагт орон даяар НИТХ-ын ээлжит сонгууль болсон. Тэгвэл өчигдөр НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын дарга нарыг сонголоо.

 

МАН-ын нийслэлийн бүлгийн даргаар Д.Ихбаярыг сонгов

 

НИТХ-ын анхдугаар хуралдааныг ХУД-ээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан удирдсан юм. Хуралдааны эхэнд Сонгуулийн үр дүнгийн мэдээллийг танилцуулав. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Энэ удаагийн сонгуульд 15 нам, нэг эвслээс оролцох хүсэлтээ илэрхийлж, 10 нам, нэг эвслийн хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчийг бүртгэсэн. Нийт 276 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 36.2 хувь буюу 100 нь эмэгтэй төлөөлөгч байв. Харин МАН-ын 45, АН 44, Үндэсний эвсэл 26, ИЗНН 45, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нэг, Иргэний хөдөлгөөний нам зургаа, ХҮН нам 44, Үнэн ба зөв нам 14, Ард түмний олонхын засаглал нам 18, Иргэдийн оролцооны нэгдэл нам 25, Сайн ардчилсан ардын нэгдэл нам  найман нэр дэвшигчийг нэр дэвшүүлж оролцсон юм. Ийнхүү НИТХ-ын 2024 оны 35 дугаар тогтоолоор НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг 12 тойрогт зохион байгуулсан. Энэ удаагийн сонгуульд 515 хэсгийн хороо мэдээлэл, технологийн 10 баг ажилласан. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн XX дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн нийслэл, дүүрэг, хороо, хэсэг тус бүрээр нь цахим хуудаст байршуулж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа” гэсэн юм. Энэ үеэр АН-ын төлөөлөгч Т.Батцогт П.Хадбаатар даргаас “Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц 42 хувьд хүрсэн. Төрийн байгууллагаас томилогдсон сонгуулийн хороо иргэдийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийсэн бэ” гэж асуухад П.Хадбаатар “Ирцтэй холбоотой мэдээллийг нийслэлийн төр захиргааны тавдугаар байранд тусгай дэлгэц дээр шууд дамжуулсан. Ирцийн мэдээллийг цаг тухайд нь өгч, иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласан” гэв. Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгийн даргыг сонгосон юм. Тус намаас энэхүү албыг олонхын саналаар төлөөлөгч Д.Ихбаяр хашихаар болсон юм.  НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу НИТХ дахь олонхын бүлэг даргаа сонгож, бүлэг анхны хуралдаанаараа НИТХ-ын даргыг томилуулах саналаа хуралдаанд танилцуулах зохицуулалттай. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэг 30 минутын завсарлага авсан юм.

 

А.Баяр: Иргэдийн төлөөлөгч гэдэг иргэн, төр хоёрын харилцах гүүр

 

Энэ удаагийн сонгуулийн дүнгээр нийт 45 суудлаас МАН аас 40, АН-аас таван төлөөлөгч НИТХ-д суух эрхтэй болсон. Тэднээс УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэг, 27 нь анх удаа, 13 нь хоёр дахь удаагаа, дөрөв нь гурав дахь удаагаа сонгогдсон бол дөрөв дэх удаагаа итгэл хүлээн орж ирж буй нэг төлөөлөгч байна.   Харин НИТХ-ын төлөөлөгчдийн дундаж насыг харвал 10 нь буюу 22.8 нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 49, хамгийн залуу нь 30 настай байгаа аж.

Нийт гишүүдийн:

•18 буюу 40 хувь нь эрхзүйч

•10 буюу 22.2 хувь нь инженер

•Долоо буюу 15.5 хувь нь санхүү, эдийн засагч

•Дөрөв буюу 8.8 хувь нь бизнесийн удирдлага

•Гурав буюу 6.6 хувь нь улс төр судлаач

•Хоёр буюу 4.4 хувь нь багш

•Нэг нь соёл урлагийн удирдлагын мэргэжилтэй

Ийнхүү НИТХ-ын анхдугаар хуралдаан 30 минут завсарласны дараа НИТХ-ын даргыг сонгох асуудлаар үргэлжилсэн юм. Дэгийн дагуу сонгуульд олонхын санал авсан нам Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын даргыг томилдог журамтай. Үүний дагуу МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаяр НИТХ-ын даргад А.Баярыг дэвшүүлж буйг танилцуулав. Ийнхүү хуралдааныг удирдсан Г.Батсайхан төлөөлөгч санал авахад нийт 39 төлөөлөгч буюу 86.7 нь түүнийг дэмжсэнээр А.Баяр НИТХ-ыг даргалахаар боллоо. Тэрээр “Нийслэлийн иргэдээ. Хурдын эрхэм төлөөлөгчдөө. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Надад итгэл үзүүлж, улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллах боломж олгосон Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон эрхэм төлөөлөгч журмын олон нөхдөдөө талархсанаа илэрхийлье. Иргэдийн төлөөлөгч гэдэг иргэн төр хоёрын харилцах гүүр. Тиймээс Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргын хийж, хэрэгжүүлэх бодлого, хэтийн төлөв, алсын хараанд нийцүүлэн иргэд, ард түмнийхээ дуу хоолойг хүргэж,тууштай дэмжиж ажиллах болно. НИТХ гэдэг бодлогын байгууллага. Цаашид бодлого тодорхойлох үндсэн үүргээрээ ажиллах учиртай. Сайн бодлогын үр дүнд сайн бүтээн байгуулалт өрнөж, амьдрах орчин, аюулгүй байдал, ажлын байр дээшилдэг. 385 жилийн түүхэн замналыг туулж, 28 удаа нүүдэлсээр тунгалаг Туулын хөвөөнд суурьшсан их хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг улам хөгжүүлэхийн тулд бид сайн бодлого тодорхойлох ёстой. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийслэл хотын хөгжилд хөрөнгө оруулалт, түүнийг дэмжсэн ажлууд шаардлагатай. Улаанбаатар хотын алсын хараа, хэтийн зорилгод 2040 он хүртэл хэрэгжүүлэх шинэ сэргэлт, “Шинэ Улаанбаатар” төслийг зоригтой, зорилготой, шинэ үеийн лидер хотын даргатайгаа хамтдаа хэрэгжүүлж, иргэн төвтэй, эдийн засгийн чадамжтай нийслэл хотоо бүтээхийн тулд хамтын нөхөрлөл, олон улсын дэмжлэг гадаад харилцааны шинэ хөрөнгө оруулалтыг татан ажиллахыг уриалж байна” гэв. 

 

Х.Нямбаатар: Ирэх дөрвөн жил бүтээн байгуулалтын жил байх болно

 

Ийнхүү дэгийн дагуу шинээр томилогдсон НИТХ-ын дарга А.Баяр хуралдааныг удирдаж, МАН-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг дэвшүүлж буйг танилцуулсан юм. Санал хураалтаар Х.Нямбаатарыг олонх дэмжсэнээр тэрээр хоёр дахь удаагаа нийслэлийг удирдахаар улиран сонгогдлоо. Х.Нямбаатар “Ирэх дөрвөн жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-ын 2024 оны сонгуульд МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-д нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно.  Нийслэлийн иргэд МАН-д итгэл үзүүллээ. Нийслэлд үнэмлэхүй олонх болсон МАН-ын бүлгээс  Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтмол хуралдаж, Засаг даргын үйл ажиллагаанд дүн шинжилгээ өгч, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллана” гэсэн юм.

Хэн нь хэн бэ?

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон НИТХ-ын дарга А.Баяр нарын тухай товч мэдээллийг хүргэе.

 

Хүний их эмч

Амарбаясгалангийн Баяр 1985 онд төржээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийг дүүргэсэн. Аав Д.Амарбаясгалан нь эрчим хүчний салбарт 34 жил ажилласан инженер бөгөөд “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажилласан байна. Харин ээж Г.Сарангуа нь эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил зүтгэсэн хүний их эмч мэргэжилтэй. А.Баяр ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн бөгөөд 2008 онд АШУҮИС-ийг дүүргэжээ. Мөн Хартфордын их сургуулийн бизнесийн удирдлага, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэрээр 2010 оноос “Хүрэл-интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн-БНХАУ-ын Сэхээ боомт хооронд ачаа тээвэрлэдэг юм байна. Энэ цагаас хойш А.Баяр "JCI Централ" салбар байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон олон нийтийн болон улс төрийн идэвх оролцоотой ажиллаж иржээ. Ингээд 2016 оноос БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын даргаар мөн сонгогдож байсан. Улмаар 2020 оноос УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад өдгөө хотын парламентыг удирдах багт орж байна.

 

Эрхзүйч мэргэжилтэй

Хишгээгийн Нямбаатар нь 1978 онд төржээ.  Тэрээр 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль төгссөн. 1996-2000 онд Орхон их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 2002 онд Орхон их сургуульд, Боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан. 2008 онд Цагдаагийн академид суралцаж, Хууль зүйн ухааны магистр цол хүртсэн. Х.Нямбаатар 2000-2007 онд Орхон их сургуулийн багшийн ажлаас ажлын гараагаа эхлүүлсэн. 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байв. Ингээд 2009-2012 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албанд томилогджээ. Улмаар 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга болж дэвшсэн. Харин 2016-2023 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. Өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар түүнийг Улаанбаатар хотын даргаар томилж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen