ХСҮТ-ийн амбулаторийн эмчид үзүүлэхэд 35 хоног хүлээдгийг 11 хоног болгожээ

ХСҮТ-ийн амбулаторийн эмчид үзүүлэхэд 35 хоног хүлээдгийг 11 хоног болгожээ

 

Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөн. 2023 онд нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогджээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад онцгойлон анхаарч, бодлогын шийдвэрүүд гаргасан нь үр дүнгээ өгсөн байна.
 
Сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төв, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллан, хавдрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцжээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал, солилцох үедээ хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэхэд чиглэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Үүний үр дүнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хавдрын тусламж, үйлчилгээ чанар, хүртээмжид дараах эерэг үзүүлэлтүүд гарчээ. Тодруулбал,

Хавдар судлалын үндэсний төв:

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, амбулаторийн эмчийн үзлэгийн хүлээгдлийг 35 хоног байсныг 11, оношилгооны кабинетийн хүлээгдлийг 42 хоног байсныг 16, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийг  17 хоног байсныг 8 хоног болгон тус тус бууруулж чаджээ.



Улсын хоёрдугаар төв эмнэлэг:

 Хавдрын тусламж, үйлчилгээ хяналт, сэргийлэлтийн төв байгуулагдаж, элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс заслыг хийж байна. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээний ачаалал хүлээгдлийг багасгаснаар амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношилгоо, эмчилгээний  тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах шийдвэрийн хүрээнд “Үндэсний баг” байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж эхлээд байна. Тус “Үндэсний баг” Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад ажиллахдаа орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран хавдрын үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээг хийн ажлын байран дээр сургах, чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын оношилгоо, эмчилгээний нэр төрөл өргөжиж, хавдраар оношлогдсон иргэдийн 70-80 хувь нь оршин суугаа газартаа эмчилгээндээ хамрагдах боломж бүрдэж байна.

Цаашид хавдрын мэс засал, хими, бай, туяа эмчилгээг олон улсын түвшинд хүргэх, гадагшаа эмчилгээнд явах урсгалыг бууруулах, санхүүгийн хүндрэлгүй эх орондоо чанартай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд болон урт хугацааны бодлогын хөтөлбөр гарган, хэрэгжилтэд онцгой анхаарах зорилготой ажиллаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen