Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна

Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна

 

Бридж-II төслийн хүрээнд байгуулагдсан Хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа. Олон Улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын албадан хөдөлмөртэй холбоотой Олон Улсын зөвлөмж, протоколын биелэлтийг хангахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор Бридж-II төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Хамтарсан багт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Төв зөвлөл болон Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл багтжээ.

Нийт 127 жолоочоос хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн асуумж судалгаа авчээ.

Судалгаагаар тус бүс нутагт үүссэн тоос шороо, агаарын болон орчны бохирдлын улмаас ердийн нөхцөлд, хүн сайн дураараа хүлээн зөвшөөрөхөөргүй дорд буюу аюул эрсдэлтэй, тэвчишгүй нөхцөлд ажиллаж, амьдарч байна гэжээ.

Мөн жолооч, тээвэрчид боомтын нэвтрүүлэх хүчин чадал, худалдан авагч талын шаардлагын улмаас хууль тогтоомжид заасан хязгаараас хэтэрсэн илүү цагаар, зохих завсарлага, амралтыг эдлэх боломжгүй нөхцөлд, тээврийн хэрэгсэл дотроо байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа нь ОУХБ-ын шалгуур үзүүлэлтээр албадан хөдөлмөрт өртөж, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг харуулж байгаа.

Цаашид дээрх нөхцөл байдлыг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар холбогдох төрийн байгууллагууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen