Дорноговьд ямааны годрон өвчин гарч, хорио тогтоолоо

Дорноговьд ямааны годрон өвчин гарч, хорио тогтоолоо

 

Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын зааг нутгаар малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тиймээс тухайн бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх болон зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Уушиг, гялтангийн үрэвсэл, өндөр халуурах байдлаар зонхилон ямаанд илэрдэг цочмог явцтай, хавьтал халдварт өвчин юм.

Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчлөхгүй. Ямаа нь нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр өвчлөх боловч өсвөр насны ямаа илүү өвчлөмтгий болно. Мөн янгир ямаа өвчилнө. Ердийн нөхцөлд халдвар агаар дуслын замаар дамжина. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварлагдсан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно. Архаг өвчтэй болон тээгч ямаа нь эрүүл сүрэгт халдвар тараах боломжтой.

Ямаа хөдөлж чадахгүй болж, зогсохдоо хөлөө солбин, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс, хамраас салс, идээт шингэн гоожно. Халдвар шинээр авсан малд 2-3 хоног үргэлжлэх ба улмаар үхлээр төгсөнө. Годрон өвчин байнга гардаг нутагт архаг, архагдуу хэлбэрээр илэрч шинж тэмдэг бүдэг, хааяа ханиалгах шинж зонхилно. Хавирганы завсраар дарахад маш хөндүүр, чагнахад хэрчигнүүртэй байх, тогшиход уушигны дотор хязгаарын зарим хэсэгт битүү чимээ сонсогдоно.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen