"Өсвөр насны хүүхэд өдөрт 8-10 цаг унтаж чадахгүй байвал нойрны асуудал байж болзошгүй"

"Өсвөр насны хүүхэд өдөрт 8-10 цаг унтаж чадахгүй байвал нойрны асуудал байж болзошгүй"

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя”  урианы дор 2024 оны 10 сарын 15,16-ны өдрүүдэд сэтгэцийн эрүүл мэнд чуулганыг зохион байгуулж байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурал болж буй юм.

СЭМҮТ-ийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Л.Цэрэндолгор "Өсвөр насныхны нойрны эмгэгийн зарим асуудал"  сэдвээр судалгаа хийжээ. Түүний судалгааны үр дүнгээс онцолбол:

  • Монголд нойрны асуудлыг тусад нь авч үзсэн судалгаа хийгдээгүй байна. Тиймээс энэхүү судалгаа хийсэн.
  • 2024 оны 5-6 сард Дундговь, Төв Говь-Сүмбэр, Дархан-Уул аймаг, Улаанбаатар зэрэг хот, хөдөөгийн 13 сургуулийн 7-12 дугаар ангийн 4789 сурагчийн дунд нэг агшны судалгаа хийсэн. Нойрны эмгэгийн эрсдэлийг хамгийн бага, хөнгөнөөс дунд, хүнд гэж ангилсан.
  • Түүвэрт хамрагдсан ЕБС-ийн 4789 сурагчийн 76 хувь нь нойрны хамгийн бага асуудалтай, 21 хувь нь хөнгөнөөс дунд зэргийн асуудалтай, 2.4 хувь нь нойрны хүнд түвшний асуудалтай байсан.
  • Нойрны хүнд түвшний асуудал нь 2.4 хувийн тархалттай байсан ба наймдугаар ангийн сурагчдад (3.15 хувь) илүү түгээмэл байна. Хотын хүүхдэд хүнд түвшний нойрны асуудал илүү хувьтай гарсан.
  • Байнга цахим тоглоом тоглодог оролцогчид хамгийн их нойрны асуудалтай гэж бүртгэгджээ. Мөн хэнтэй хамт амьдардгаас хамааралтай байсан.
  • Судалгааны үр дүнгээс харвал өсвөр насныхны 24 орчим хувь нь буюу 4 хүүхэд тутмын 1 нь нойрны хөнгөнөөс хүнд түвшний асуудалтай байна.
  • Нойрны асуудал үүсэхэд цахим тоглоомын хэрэглээ болон бусад хэлбэрийн асран хамгаалагчтай байх явдал илүү нөлөөтэй байна. Нийт судалгаанд хамрагдсан өсвөр насныхны 24 хувь нь нойрны асуудалтай гэж гарсан. Үүнийг олон улсын судалгаатай харьцуулаад үзэхэд тархалт бага харагдах ч 4 хүүхэд тутмын нэг нь нойрны асуудалтай байгаа нь манай улсын хувьд анхаарах асуудал юм.
  • СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт 2015-2019 оны хооронд цахим тоглоомын асуудлаар хэвтэн эмчлүүлсэн 9-өөс 19 насны 192 хүүхдийн өвчний түүхийг хамруулсан судалгаагаар 75 хувьд нойрны хямрал илэрсэн үр дүн гарсан. Энэ нь дээрх судалгааны нойрны эмгэгийн эрсдэл өндөр байх нь видео тоглоом байнга хэрэглэхтэй хамаатай гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, нойрны эмгэгт зурагт их үзэх, компьютер ашиглах, утсаар тоглох зэрэг нь нөлөөлдөг.

Өсвөр насныхны эрүүл мэндийг хэвийн байлгахын тулд өдөрт дунджаар 8-10 цаг унтсан байх шаардлагатай гэж үздэг. Бүтэн нойртой хонох нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, суралцах процесс болон нийгмийн харилцаанд эерэг нөлөөтэй. Хэрэв бага нойртой буюу нойр хязгаарлагдмал яваад байвал энэ нь цаашлаад хүүхдэд сэтгэцийн тулгамдсан асуудал үүсгэх сэтгэцийн эмгэгийн суурь болох үр дагавартай гэж үздэг байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen