“Шилэн” ажиллагааны хүрээнд хууль бус газар олголт, газрын наймаа дэлгэгдвэл О.Цогтгэрэл татагдах уу
Засгийн газар авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд сангууд болон төрийн байгууллагуудын ТУЗ-ын мэдээллийг ил болгоод буй. Мөн удахгүй хууль бус газар олголт, газрын наймааны асуудлыг шалгаж, нэрсийг нь зарлана.
Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод газар олголтыг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст хавтгайруулсан асуудал бий. Үүний балагаар нийслэлийн төлөвлөлт алдагдаж, түгжрэлээс эхлээд олон асуудал үүссэн. Газрын наймаатай холбоотой маргаан, хууль бусаар бусдын бизнесийг, газрыг булаасан хэргүүд ч эхнээсээ дэлгэгдсэн. Тухайлбал, хамгийн том дуулианыг дагуулсан хэрэг нь Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол”-ын газрыг булааж авсан асуудал. Энэ хэргийг “Улсын ерөнхий прокурор, АТГ, ТЕГ-ын дарга нар нь нийлээд хууль бусаар булааж авсан” гэдгийг ч Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хүмүүсийг ил болгож, ялыг нь үүрүүлнэ гэдгийг ч тэр хэлж байлаа.
Тэгвэл энэ хэрэгт УИХ-ын гишүүн, “Тесо” группийн О.Цогтгэрэл холбогдох сэжим байна. Тодруулбал, түүний хамаарал бүхий “Тесо” группийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй өндөр зэрэглэлийн тансаг хороолол болох “Sky garden residence”-ийн газар нь дээр дурьдсан “Суруга Монгол”-ын газрын нэг хэсэг бололтой юм. Үүнийг батлах яриаг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Тэр “Гадны хөрөнгийг дээрэмддэг бүлэглэлүүд байсан. Тэдгээрт хэд хэдэн том албан тушаалтнууд холбоотой. Өнөөдөр энэ хэргүүд удаашралтай байна. Харамсаж байна. Тухайлбал, “тансаг зэрэглэлийн “Sky Garden Residence” хотхоны газрыг булааж аваад ТЭСО-д өгсөн. Ярихаар бухимдаад байна. Хурдан шийдмээр байна” гэж онцолж байв.
Хэрэв энэ асуудал тодорхой болж, үнэхээр “Суруга Монгол”-ын газраас “Тесо” групп буруу гараар авсан бол “шилэн” ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн нэр ил болох байх. Тийм аваас тэр хуулийн байгууллагын хаалга татна гэсэн үг.
https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/41646