“Найрамдал” зуслангийн газрыг хувьчилсан асуудлыг шалгана
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал энэ сарын 21-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв. Тэрбээр “Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5,220 га газартай байсан. Одоо 1,200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна” гэлээ.
Тиймээс хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургаадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг “Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлсэн. 2018 онд 181 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэж зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль ногдуулсан. Гэсэн хэдий ч одоо мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа, үнэлгээ хийж хүүхдийн эрхийн 88 зөрчлийг шинээр хуульчлахаар Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэсэн юм.