Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв
Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27-ны өдөр эхлүүлэв.
Энэ өдөр тус боомтоор Монголын талаас 1 тээврийн хэрэгслээр 37 зорчигч, Хятадын талаас мөн 1 тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчиж, нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрлээ. Хилийн хөдөлгөөнийг нээсний дараа хоёр талын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж цаашдын хамтын ажиллагаа, боомтын бүтээн байгуулалтын тодорхой асуудлаар санал солилцжээ.
Хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон хил, гааль, ГИХГ, Авто тээврийн төв зэрэг орон нутгийн байгууллагын удирдлага оролцов. Мөн, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Намын хорооны дарга Бөхбаяр, хошууны АЗГ-ын орлогч дарга Төн Фөнлин, Гадаад хэргийн албаны дарга Бао Дүүрэн болон албаны хүмүүс оролцжээ.