САНГИЙН ЯАМ: Хотын дарга Д.Сумъяабазар ямарч баримтгүйгээр байгууллагын нэр хүндэд халдаж байна
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон тус яамныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь энэ сарын 6-нд Хотын дарга Д.Сумъяабазар "30 автобусны тендер зарласан боловч Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруулахгүй байна. Эс бөгөөс Авлигатай тэмцэх газарт өгнө. Сүүлийн 30 жил Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй байж ирсэн" гэх мэдээлэл хийсэн юм. Уг асуудалд Сангийн яамнаас тайлбар өглөө.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Хариуцлагатай төрийн өндөр албан тушаалтан, Хотын дарга Д.Сумъяабазар ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор нийслэл рүү албан бичиг явуулсан" гэжээ. Уг албан бичигт,
"Сангийн яам ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй. Энэ албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасан зүйлийн дагуу тендерт оролцогч компаниуд Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд хариуцсан улсын байцаагч тухайн тендерийн материалтай танилцаж, өөрийнхөө дүгнэлтийг гаргаж, холбогдох дарга нараар хянуулж, Төрийн нарийн бичгийн дарга албажуулдаг.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон. Тухайн тендерт “Сүлдэрхан мениралс” компани шалгарсан. Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгаж үзэхэд зургаан шаардлага хангаагүй байсан гэж улсын байцаагч дүгнэсэн. Тухайлбал, тус компани нь автобус нийлүүлж байсан туршлагагүй. Өөрийн эзэмшлийн засварын төвгүй зэрэг шаардлагуудыг хангаагүй. Нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэдэг туршлага бичсэн байсан. Татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа газарт нууцаар хэдхэн хүн нийлээд гэрээ байгуулж болохгүй" гэжээ.