Хөгжлийн банкнаас хууль бусаар авсан бүх мөнгийг эргэн төлүүлэх хэрэгтэй

Хөгжлийн банкнаас хууль бусаар авсан бүх мөнгийг эргэн төлүүлэх хэрэгтэй

 

Хөгжлийн банкыг шалгах ажил ерөнхийдөө дуусч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Тус банкны үйл ажиллагаа, зарцуулалтыг шалгахаар Улсын Ерөнхий прокурорын тушаалаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Тэгвэл тэдний ажил шувтарч дуусах шатандаа орсон байна.

Одоогийн байдлын Хөгжлийн банкинд учруулсан хохирлын ердөө тэрбум 500 сая төгрөгийг л эргэн төлүүлж чадаад байна. Хэдийгээр тэрбум 500 сая төгрөг асар их тоо хэдий ч Хөгжлийн банкны мөнгийг үр ашиггүй, хууль бусаар зарцуулсан эрхмүүдийн мөнгөний дэргэд 10 хувьд ч  хүрэхгүй тоо юм. Гэхдээ АН-ынхны хууль бусаар үр ашиггүй зарцуулсан мөнгийг эргэн төлүүлж байна гэдэг сайн хэрэг. Цаашид ч энэхүү ажлаа эрчимтэй үргэлжлүүлж, Хөгжлийн банкнаас хууль бусаар авсан бүх мөнгийг эргэн төлүүлэх хэрэгтэй.

УИХ болон Хууль зүйн яамнаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр 1.3 наяд төгрөгийн санхүүгийн зөрчилтэй гэсэн тоо баримт гарсан. Харин хуулийн байгууллагаас байгуулагдсан ажлын хэсгийн эцсийн дүн гараагүй байгаа юм.

Гэхдээ уг хэргийн эцсийн раундад ажил амьдрал мэдэхгүй, даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлсэн зарим нэгэн залуус "аавын хаалга" татаж, асуудлыг араас нь шийдэж, хатгаж байсан АН-ын эрх мэдэлтнүүд нуугдан хоцрох вий гэх хардлага олон нийтийн дунд бий.

Эхний үйлдүүдээс нь харахад л бонд босгох ажлыг эхлүүлсэн, захиран зарцуулах бүхий л үйл ажиллагааг гардан шийдвэрлэсэн сайд нь саатуулагдсан байж байгаад өвчтэй гэх шалтгаанаар батлан даалтад гарч байх жишээтэй. Харин дээрээс ирсэн тушаалыг үг дуугүй биелүүлсэн гүйцэтгэх түвшний хүн нь хоригдсон хэвээр байх жишээтэй. Энэ мэтээр хардаж болох маш олон үндэслэлүүд байна. Нөхцөл байдал ийм байгаа хэрнээ орон нутгийн сонгуулийг далимдуулан иргэдийн толгой АН-ынхан худлаа угаасан хэвээр л байна. Тэдний хийсэн балаг хэдэн арван жилээр хусаад ч арилахгүй гүн хар толбо болж үлдээд байгаа шүү дээ.

Энэ бүгдийн цаана тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, С.Баярцогт тэргүүтэй АН-ын тухайн үеийн эрх баригчид байгаа гэдгийг ямагт санах хэрэгтэй. Яг л "Тангуд улс мөхөөгүй гэж өглөө болгон сануул гэдэг" шиг...

Тиймээс Хөгжлийн банкнаас хууль бусаар мөнгө авсан, эргэн төлөөгүй, хууль бус зээл олгосон, олгох үүрэг өгсөн бүхий л хүмүүсийг шалгамаар байна. Мөн мөнгийг нь эргэн төлүүлмээр байна.

Шалгалтын явцад "Эрэл" компани ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн.

Мөн

  •  "Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, "Хаан" банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан.
  • Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил илэрсэн байдаг.
  • Түүнчлэн  Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн, цагаан сараар гоё дээл өмсөж сайдтайгаа золгосон албан хаагчийг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан гэхчлэн олон зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

Юутай ч шалгалтын явцад илэрсэн "но"-нуудыг шалгах явц дуусч байна. Хэргийг шалгаж дууссаны дараа энэ бүх зүйл тодорхой болох буй за. Н.Мөнхбат, Н.Батбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн   263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Б.Анир

http://www.zaluu.com/read/g8fe0d0a
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen