ГУРВАЛСАН ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ, ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЛЭЭ

ГУРВАЛСАН ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ, ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЛЭЭ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 2017 оны 02 сарын 6-ны Даваа гаригт бүх сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 оны үр дүнгийн гэрээг байгууллаа. Энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирал гэсэн гурвалсан гэрээг байгуулж байгаа нь тэдний хүлээх хариуцлагыг өндөржүүлж байна.

2017 оны үр дүнгийн гэрээг байгуулснаар боловсролын салбарт тусгагдсан олон ажлуудыг чанар хүртээмжтэй хийж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Тухайлбал Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулах, Баяндалай, Цогт-Овоо сумдын сургуулийн барилгыг засварлах, Даланзадгад сумын 1, 25, 26-р цэцэрлэгүүдэд тоглоомын талбай тохижуулах, Даланзадгад сумын 5-р сургуулийн биеийн тамирын талбайг байгуулж, хашаажуулах гэх мэт томоохон ажлуудыг хийх бол багш сурагчдыг хөгжих, боловсроход чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Хүүхдийг монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч авьяаслаг иргэн болгож төлөвшүүлэх "Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөр, хүүхэд залуучуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх "Англи хэлтэй Өмнөговьчууд” хөтөлбөр, математикийн сургалтын чанарыг сайжруулах "Оюуны хурд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн хүүхэд залуусын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ соёл урлаг, спортын үр дүнтэй олон арга хэмжээг зохион байгуулна. Энэ бүгдэд аймгийн удирдлагууд, сумдын удирдлагууд, сургууль захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen