Грекийн араас ороход бэлэн болгож, дампуурсан эдийн засгийг аврах гарц нь "Стэндбай" хөтөлбөр үү
Удтал яригдсан "Стэндбай" хөтөлбөрийн чимээ ойрын өдрүүдэд гарах бололтой. Тодруулбал, Олон улсын валютын сангийн төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад ажиллаж байгаа ажээ. Сангийн сайдын мэдээлснээр эхний ээлжийн төлөөлөгчид ирсэн бөгөөд ирэх ням гарагт зарим төлөөлөгчид нь ирэх юм байна.
Энэ удаагийн уулзалт ерөнхийдөө манай Засгийн газар ОУВС-ийн "Standby credit facility”, "Standby arrangement” гэдэг хоёр хөтөлбөрийн алинд нь хамрагдах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Ирэх 3 дугаар сар гэхэд манай улс 580 сая ам.долларын өрийг төлөх ёстой учир ямар нэгэн байдлаар гадны тусламж дэмжлэгийг зайлшгүй авах нөхцөл байдал үүсээд байна. Товчоор хэлбэл өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал биднийг яалтчгүй "Стэндбай" хөтөлбөрийг сонгохоос өөр гарцгүй болгоод байна хэмээн эдийн засагчид үзээд байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрөнд баригдаж дууссан улс орны төсвийг эргүүлэн сэргээхийн тулд нэн түрүүнд төсвийн сахилга баттай батлах байв. Байгаа нөхцөл боломжиндоо тааруулж баталсан хэдий ч алдагдалтай байх нь хэвээрээ гэж эдийн засагчид дүгнэж байна.
Өнгөрсөн жилүүдийнх шиг сонгогчиддоо таалагдахын тулд төсвөөс санхүүжүүлж чадахгүй зүйлүүдийг төсөвт суулгаж төсвийг хасах оноотой гаргаж ирсэн нь үнэн. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хямрал туйлдаа хүрч, иргэдийн нуруун дээрх ачаа жинхэнээсээ нэмэгдсээр ирсэн билээ. Улсын данс улайж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайд ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулсан байгаа талаараа учирласан. Хачирхалтай нь өнгөрсөн жилүүдэд ОУВС-ийн "Стэндбай" хөтөлбөрийг авах гэж байсан АН-ынхан өнөөдөр "Стэндбай" хөтөлбөр шиг муу муухай юм байхгүй гэж ярьж суух юм.
Тэгвэл яг үнэндээ манай улсад энэ хөтөлбөрт багтахаас өөр ямарч арга зам үлдээгүй. Хэдийгээр хамгийн сайн алхам биш ч гэлээ өнөөдрийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад үүнээс өөр гарц үгүй. ОУВС-гаас авдаг уг хөнгөлттэй зээлийг муу хэлж элдвээр гоочлох хүмүүс байна. Арга ч үгүй биз. Уг хөтөлбөрт хамрагдсанаар бид төсвийн асуудлаа дур зоргоороо шийдэж хиймэл төсөв бичиж суух боломж бололцоо олгохгүй. Харин бидэнд тусгайлан шаардлага тавьж, түүнийх нь дагуу төсөв хөтөлбөрөө шийддэг болно. Гэхдээ энэ хөтөлбөр хэсэг хугацаанд хэрэгжээд л өнгөрнө. Бид өмнө нь ч энэ хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж байсан түүхтэй.
Ер нь уг хөтөлбөрт хамрагдахаар гадаад дотоодод явна гэж элдвээр хэлэхийн өмнө үүнээс өөр гарц байхгүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. АН засаг барих дөрвөн жилийн хугацаанд Чингис, Самурай бонд гээд монголчуудыг хэдэн зуун саяын өрөнд оруулчихсан нь үнэн. Өөрөө өр тавиагүй юм шиг хүнийг өр тавих нь хэмээн ярьж хэлж байх нь зөв үү, буруу юу. Товчоор хэлэхэд, АН-ын тавьсан өр зээлээс болж "элгээрээ хэвтсэн" эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд татвар нэмж, боломжит бүх зардлаа танах. Эсвэл өр тавьж "гал" залгах арга л үлдээд байгаа.
Гэвч өнөөдрийн хүнд хэцүү цаг үед уг хөтөлбөрөөс өөр зөв сонголт байхгүй гэдгийг улстөрчид, эдийн засагчдаас авахуулаад улсын Ерөнхийлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрч байгаагаа өнгөрсөн намар мэдэгдэж байсан билээ. Хэрэв бид одоо л зөв бодлого барихгүй бол тун удахгүй дампуурлаа зарлаж, Грекийн араас ороход бэлэн байгаа билээ. Мөн өнгөрсөн жилүүдэд манай улсын зээлжих зэрэглэл хэд дахин буурсан. Үүний гороор манай улсад араваас дээш хувийн хүүтэйгээр зээл өгөх асуудал яригдах болсон. Өнгөрсөн жил Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газрынхан гадны орнуудаар зээл хайж баахан явсан. Гэвч өндөр хүүтэй зээлээс өөр юу ч олж чадаагүй билээ. Тиймээс энэ цаг үеийн хамгийн зөв сонголт нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шаардлага тулгараад байна. Дашрамд дурдахад бид энэ хөтөлбөрт урд нь хэд хэдэн удаа хамрагдаж байсан билээ. Харин "Стэндбай" хөтөлбөрт хамрагдах эсэхийг ойрын өдрүүдэд шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Б.Анир
http://www.zaluu.com/read/fdc999f4