"Стэнд бай" 2009 оных шиг үр дүнгээ өгөх үү

"Стэнд бай" 2009 оных шиг үр дүнгээ өгөх үү

 

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн мягмар гаригт болсон Америк-Монголын Худалдааны танхимаас зохион байгуулсан уулзалтын үеэр эдийн засгийн хүндрэлтэй үед УИХ зөвхөн хууль эрхзүйн орчноо сайжруулж, Засгийн газар хариуцлагатай байснаар эдийн засгийн хүндрэлээс гарахгүй гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбал, заавал гаднын улс орнуудаас тусламж, дэмжлэг авах шаарддагатайг дуулгасан билээ. Тодруулбал, эхний ээлжинд Олон улсын валютын сангийн "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Гаднын улс орнууд ч эхний ээлжинд Олон улсын валютын сангаас тусламж авчихвал дараагийн санхүүжилтын, хөрөнгө оруулалтын асуудлаа ярилцья гэсэн аж. Ямар ч хөрөнгө оруулагч эдийн засаг нь хэрхэх нь тодорхойгүй улсад хөрөнгө оруулахыг хүсэхгүй нь мэдээж. Тиймээс юун түрүүнд "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар албан ёсоор ярьж эхлээгүй ч Олон улсын валютын сангийн техникийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Өчигдөр ажлын хэсгийнхэн ирсэн бөгөөд өнөөдөр зарим гишүүд нь ирэх аж. Энэ удаагийнх хоёр дахь удаагийн ажлын хэсэг билээ. Эхнийх нь оны өмнөхөн буюу арваннэгдүгээр сард ирээд буцсан. Одоо хоёр дахь ажлын хэсэг манай улсын эдийн засгийн байдалтай танилцаж, дахин судалж байгаа. Үүний дараа албан ёсны хариугаа өгч гэрээний шатанд ажлаа эхлүүлэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа. Тус хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж буй шалтгаан нь нэгдүгээрт, манай эдийн засгийн байдал энэ хөтөлбөрт хамрагдах хэмжээнд хүрчихсэн. Хоёрдугаарт манай улс хамгийн сүүлд 2009 онд амжилттай хэрэгжүүлсэн тул дахин найдлага тавьж байгаа юм.

 

Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа ерөнхийдөө 12-24 cap байдаг ч төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даван туулах хугацаатай уялдуулан 36 сараар ч хэрэгжүүлэх тохиолдол байдаг аж. Нийт олгох зээлийг хэсэгчлэн өгөх бөгөөд тухайн зээл орж ирснээс 3.2 жилийн дараа зээлийн анхны эргэн төлөлт хийгддэг. Тодруулбал, энэ жил зээдд хамрагдлаа гэж бодоход 2019 оноос эргээд төлж эхэлнэ гэсэн үг. Төлөхдөө найман улиралд багтаан авсан зээлээ хувааж төлдөг. Хэр хэмжээний зээл олгохыг манайд ирж ажиллаж байгаа ОУВС-ийн ажлын хэсэг тодорхойлж, удирдлагууддаа танилцуулснаар хэдэн төгрөг олгохоо шийдвэрлэнэ. Манай улс 1991 онд ОУВС-ийн гишүүнээр элсэж, тэр ондоо тус хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд 20 сая ам.доллар авч байсан бол 2009 онд 229.2 сая ам.долларын зээл авч эдийн засгийг хямралаас гаргах тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлсэн.

 

2008 оны дөрөвдүгээр сард 8700 ам.доллар хүрч байсан зэсийн үнэ 2009 оны гуравдугаар сард 3500 ам.доллар болж 60 хувиар унасан. Улсын төсвийн орлогын 30 орчим хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байсан эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт улсын төсөвт хүчтэй сөрөг нөлөө үзүүлсний улмаас төсвийн алдагдлаа нөхөж, инфляцийг тогтворжуулахаар "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Энэ үед төгрөгийн ханш 40 гаруй хувиар суларч 1700 давсан, Монгол улсын банкны системийн гадаад цэвэр актив 539 сая ам.доллар болж, 2007 оны түвшнээс 53 хувиар буурсан байжээ.

 

Тэгвэл өнөөдрийн түвшинд "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зарим эдийн засагчид "2009 онд дэлхий нийтээр эдийн засаг хямарч эргээд сэргэсэн тул манайх ч мөн адил байсан. Сэргэлтийг дагаад гаднын хөрөнгө оруулалт эрс сайжирсан. Гэтэл одоогийн түвшин арай өөр байна. Тодруулбал, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч гаднын хөрөнгө оруулалт сайжрахгүй бол байдал хэвээр байх болно. Үр дүн нь 2009 оныхоос илүү байхгүй болов уу” хэмээн харж байна. Харин нөгөө нэг хэсэг нь "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн хажуугаар дагалдах цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй бол олон улсын валютын сангийн хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй” гэж дүгнэж байна. Гэхдээ ихэнх эдийн засагчид, судлаачид хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тодорхой. Харин хэрхэн хэрэгжүүлэх, хажууд нь тусгай хөтөлбөр дагалдан хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолж байгаа юм. 2009 оны "Стэнд бай” хөтөлбөрийг төсвийн тогтвортой байдлыг сэргээх, төсвийн зардал танах, мөчлөг дагасан савалгаанаас сэргийлэхийн тулд зэсийн үнийн өсөлтөөс бий болсон орлогыг хадгалах тогтолцоог бүрдүүлэхэд чигдүүлсэн байдаг. Энэ удаа хэрэгжүүлэхдээ ч төсөв рүү чиглүүлнэ. Угаас дээрх хөтөлбөрийг олгох журам, үзүүлэх үүрэг нь тийм. Харин манай төр засаг хаашаа чиглүүлж, хэрхэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа.

 

Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт ирэх сарын 16-нд гарна. Эдийн засгийн өсөлт 2010 онд зургаан хувьд хүрч, суурь инфляци нэг оронтой тоонд тогтворжсон, шавхагдаж байсан гадаад валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханшийн сулралт зогсч, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас сэргийлж чадсан зэргээр үр дүнгээ үзүүлжээ. Тэгвэл энэ удаагийн "Стэнд бай” хөтөлбөрийг дангаар нь хэрэгжүүлзх үү, дагалдах хөтөлбөрийг дэвшүүлэх үү гэдэг нь тодорхойгүй хүлээлттэй байгаа. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 10,989.6 тэрбум төгрөгт, бодит өсөлт 1.4 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн салбар, цахилгаан, дулааны салбарын өсөлт эерэг нөлөө үзүүлжээ.

 

Мөн өнгөрсөн оны наймдугаар сард инфляцын түвшин оны эхнээс 1.2 хувь, жилийн -0.2 хувьтай гарсан. Төлбөрийн тэнцэл 2015 оныхоос 123.6 сая ам.доллараар буурч, 41.3 сая ам.долларын алдагдалтай гарсан, өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 2015 оныхоос 25.3 хувиар буур ч, 1275.3 сая ам.долларт хүрсэн. Энэ мэтээр 2009 оныхоос ялгаатай эдийн засгийн хүндрэлүүд цөөнгүй бий. Ийм үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх нь чухал алхам болно.



Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen