Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээ бүрмөсөн зогслоо
Манай улсад өнөөдрийн байдлаар ирээдүй нь хаашаа ч “эргэж” мэдэхээр, донор эрхтэн хүлээж буй 1200 гаруй өвчтөн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд бүртгэлтэй, донор хүлээх жагсаалтад “орсон” эдгээр хүн гэр бүлээсээ, ойр дотнынхноосоо донор эрхтэн хайгаад ч олж чадаагүй тул амь нас нь ийнхүү дээсэн дөрөөнд дэнжигнэж байгаа хэрэг. Тэдний аврагдах цор ганц итгэл найдвар нь кадавр буюу амьгүй донор гарч ирэхийг хүлээх явдал юм. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сараас хойш донор хүлээгсдийн найдвар тасарч, үхэхээс өөр замгүй болчхоод буйг эмч нар халаглан ярьж сууна. Учир нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эл хугацаанд бүр мөсөн зогсжээ. Шалтгаан нь кадавр донор олдохоо байсан аж.
Нийгэмд тархсан ганцхан удаагийн буруу ойлголт, ташаа мэдээлэл хэр хэмжээнд хор хохирол учруулдгийг, тэр нь хүний амь настай холбоотой бол ямар аймшигтай түвшинд хүргэдгийн тод жишээ бол Төрийн шагналт, Гавьяат эмч П.Батчулууны “хэрэг” юм. Түүнийг одоогоос хоёр жилийн өмнө тархины үхэлтэй донорын эд, эс, эрхтнийг хууль бусаар авч, бусдад шилжүүлэн суулгадаг, бараг л “хүний наймаачин” мэтээр олон нийтэд мэдээлсэн билээ. Уг хэргийг тойрсон мөрдөн байцаах, цагдан хорих, шүүх ажиллагаа ч удаан хугацаанд үргэлжилж, эцэст нь Улсын дээд шүүхээс Гавьяат эмч П.Батчулууныг цагаатгасан байдаг. Хэдийгээр эмчийн гэм буруугүй нь тогтоогдсон ч олон нийтийн энэ талаарх сэтгэл зүйг хэн ч өөрчилж чадаагүй. Хүмүүс бурхан бологсдынхоо эд, эрхтнийг бусдад “дамжуулж”, буян үйлдэх хүсэл сонирхолгүй болцгоов. Үүний уршгаар арайхийн нутагшуулж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс заслыг зүгшрүүлж байтал бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. Иргэдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, донорын эгнээг өргөтгөх ажлыг өдгөө дахиад л эхнээс нь хийх болчхоод байна. Үгүй бол олон хүн үхэж мэдэх нь.
ХАГАЛГАА ХИЙГЭЭГҮЙГЭЭС 20 ХҮН НАС БАРЖЭЭ
Өнгөрсөн сарын сүүлчээр ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас “Амьдрал бэлэглэе” нэртэй донорын талаарх ойлголтыг иргэдэд таниулах өдөрлөгийг төв талбайд зохион байгуулсан. Гол зорилго нь амьгүй донорын эгнээг өргөтгөх байв. Энэ үеэр БНСУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн тэргүүн, Кэсоны их сургуулийн мэс засалч, доктор, профессор Жу Вон Хён “Солонгос улс 1969 онд анх бөөр шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлсэн. Түүнээс хойш 2000 он хүртэл амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг байв. Харин холбогдох хуульдаа өөрчлөлт оруулсны үр дүнд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өнөөдрийн түвшинд хүртлээ хөгжсөн. Одоо манай улс амьд донороос аль болох эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхээс татгалзаж буй. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм болсон. Эрүүл хүнийг донор болгож, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулахаас татгалзаж буй гэсэн үг. Иргэд ч энэ талаар маш сайн ойлголт, мэдээлэлтэй болсон. Ингэхийн тулд бид иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх ажлыг 10 жилийн турш тасралтгүй хийсэн” гэж ярив.
Тэгвэл Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга “Эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний жагсаалтад багтсан, доноргүй 1000 гаруй хүний амь нас өдөр, цагаар хэмжигдэж байна. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш жил гаруйн хугацаанд амьгүй донороос нэг ч хүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийсэнгүй. Үүнээс болоод жилийн хугацаанд 20 хүн нас барсан. Амьгүй донор илрүүлэх боломж ч улам багассан” гэлээ.
АМЬД, АМЬГҮЙ ДОНОРЫН ХАРЬЦАА 70, 30 БАЙНА
Донор эрхтэн хүлээх жагсаалт дахь өвчтөний тоо ч хийсвэр гэдгийг Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан хэлсэн. Үүнийг тодруулбал, жагсаалтад “орсон” хүмүүсээс гадна цаана нь элэгний В, С вирустэй, хатуурал, хавдартай, мөн бөөр орлуулах эмчилгээнд хамрагдаж буй өчнөөн мянган хүн бий аж. Таван мянган хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн архаг үрэвсэл, дутагдлын улмаас диализын эмчилгээ хийлгэж буй гэсэн судалгаа ч байна. Өнөө, маргаашдаа биш ч тэд бүгд хэтдээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалт руу “шилжинэ”. Амьдрах эцсийн найдвар нь үүнээс өөр байхгүй гэнэ. Тэдгээр хүнийг дээрх жагсаалтад нэмбэл цочирдом тоо гарна гэдгийг тус албаны дарга Б.Алтантулга нэмж тодотгосон.
Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд хууль, эрх зүйн орчныг нь боловсронгүй болгох шаардлагатайг Б.Алтантулга тодруулав. Тэрбээр “УИХ-д өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд уг эмчилгээний тоог нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтууд тусгасан. Манай улсад цуллаг эрхтнээс бөөр, элэг л шилжүүлэн суулгаж байгаа. Тэгвэл өндөр хөгжилтэй болон хөгжиж буй бусад улсад олон төрлийн эрхтэн шилжүүлэн суулгадаг. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд бие даасан хуультай болох хэрэгтэй. Монголд 1996 оноос хойш хийсэн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний амьд, амьгүй донорын харьцаа 70, 30 хувьтай байсаар ирсэн. Өмнө нь ганцхан УНТЭ-т л элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан бол дараа нь ЭХЭМҮТ, Хавдар судлалын үндэсний төв, сүүлд Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийнхэн уг технологийг нэвтрүүлээд буй. Гэсэн ч эмнэлгүүдийн дотоод нөөц бололцоо, чадамж, төсөв мөнгөний гачигдал, хүний нөөцөөс хамаараад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний “нийлүүлэлт” өнөөгийн эрэлтийг хангахгүй, хүлээгдэл ихтэй, үе үе тасалддаг хэвээрээ. Цаашид үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ үү л гэхээс буурахгүй. Элэгний В, С вирусний тархалт багасаагүй, хавдрын нас баралт, өвчлөл ямар түвшинд хүрээд байгаа билээ. Өдгөө бөөр, хэвлийн эрхтэн орлуулах эмчилгээ хийлгэж буй бүх хүн алсдаа эрхтнээ “солиулах” шаардлага үүснэ. Хуультай болж байж л энэ бүхнийг цогцоор нь шийдэх боломжтой” гэсэн юм.
ТАВААС ОЛОН ЖИЛ АМЬДРАХ МАГАДЛАЛ 88.2 ХУВЬ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ
Монголд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд бөөрнийхөөр эхлүүлэн, 2011 онд элэгний хагалгаагаар үргэлжлүүлж, 2014 оноос үүдэл эс, ясны чөмөг “шилжүүлдэг” болсон билээ. Энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар УНТЭ-ийнхэн 333 дахь хүнд элэг, 418 дахь өвчтөнд бөөр шилжүүлэн суулгаад байгаагаа дуулгасан. Мөн 40 гаруй хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төв 211 хүнд элэг, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг тус бүр хоёр хүнд бөөр, УХТЭ-ийнхэн таван өвчтөндэлэг шилжүүлэн суулгаад байгааг ЭМХТ-ийнхөн хэллээ. Энэмэтчилэн уг эмчилгээний хүртээмж нэг үеэ бодвол сайжирч байгаа ч эдгээр нь эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүний тоон өсөлт, өвчлөлийн тархалтыг гүйцэхгүй байгааг эмч нар учирлаж байна. Тодруулбал, эмчилгээний өнөөгийн “хурд”-аар цааш явбал эрхтэн шилжүүлэн суулгуулах заалттай олон хүн хагалгаа хийлгэхээ хүлээсээр, тэр хэрээр амь нас нь эрсдэлд орно гэв. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах технологи нэвтрүүлсэн 1996 оноос хойш өдийг хүртэл хийсэн нийт мэс заслын тоо 1000-ыг ч даваагүй байгаа нь хүртээмж мууг илэрхийлэх үзүүлэлт аж.
Уг нь монгол эмч нарын чадавх, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн дэлхийд дээгүүрт үнэлэгддэг. Үүнийг өвчтөний амьдралын чанарын үзүүлэлтүүдээр хэмждэг бөгөөд хагалгаа хийлгэснээс хойш үйлчлүүлэгчдийн нэг жил амьдрах чадвар 93.9, гурван жилийн дундаж нь 84.8 хувьтай байна. Тухайн хүнд шилжүүлсэн эрхтэн ондоошилгүй, нэгэнт өөриймссөн тохиолдолд тав, түүнээс олон жил амьдрах магадлал нь 88.2 хувь болж нэмэгддэгийг УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй хэлсэн. Гэхдээ эдгээр үзүүлэлт бол зөвхөн өнгөц буюу мэс заслын тоонд харьцуулсан л амжилт, чанар аж. Үнэндээ энэ бүхний цаана түрүүнд дурдсанчлан эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмж, донорын олдоц, төсөв санхүүгийн байдал ямархуу байгааг сонирхох хүн бараг байдаггүй гэх. Өөрөөр хэлбэл, уг мэс заслын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд удаж буйг өвчтөнүүдийн жагсаалт гэрчилдэг байна.
САЯ ХҮН ТУТАМД НЭГ ТӨВ БАЙХ ЁСТОЙ Ч БИД ГАНЦХАН ТАСАГТАЙ
Эмнэлгүүдэд хийсэн эрхтэн “солих” нийт эмчилгээний 47.7 хувийг бөөр, 52.3 хувийг элэгнийх эзэлж буй бөгөөд эдгээр нь эрэлт, хэрэгцээ өндөртэй, хүлээгдэл ихтэй мэс засал хэвээр байна. Донортой мөртлөө одоо ч хагалгаандаа орж чадаагүй олон хүн бий гэнэ. Үүний шалтгаан нь манай улс одоо болтол эрхтэн шилжүүлэн суулгах бие даасан төвгүй, хуульгүй, хүний нөөцийн дутагдалтай, эмч нар үндсэн ажлынхаа хажуугаар уг эмчилгээг тасалчихгүй гэсэндээ арайхийн авч явдаг. УНТЭ-т элэг, бөөрнөөс гадна ясны чөмөг, үүдэл эс, нүдний эвэрлэг, үе, шөрмөс гээд цөөнгүй эд, эрхтэн шилжүүлэн суулгадаг ч хүртээмжгүй байдаг нь өнөөх л байр сав, тоног төхөөрөмж, эм, хэрэгсэлгүйн зовлонгоос улбаатай.
Дэлхийн жишгээр сая хүн тутамд эрхтэн шилжүүлэн суулгах нэг төв байхад эрэлтийг хангана гэж үздэг. Харин бид ганцхан тасагтай. Олон улсад анагаахын оргил эмчилгээ гэгдэн тусдаа шинжлэх ухаан болтлоо хөгжиж буй эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс хэдхэн эмч нартаа даатгаад хөсөр хаяжээ. Тэртээ 11 жилийн өмнө буюу 2014 онд УНТЭ-ийн дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барихаар болж тухайн онд анхны санхүүжилтийг нь төсөвт тусгаж байв. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд төсөв мөнгийг нь шийдэж өгөхгүй байсаар 2024 оны намар барилгын ажил зогсохтой зэрэгцэн суурийг нь цутгасан болоод бас л хаячихсан. Шав тавих үеэр эрх баригчид эрхтэн шилжүүлэн суулгах төвийг 2026 онд ашиглалтад оруулна гэж амласан. Даанч тэдний эл амлалт өнгөрсөн өвлийн анхны цастай хамт замхарчихсан. Уг нь эрхтэн шилжүүлэн суулгах төвлөрсөн төвтэй болчихвол олон эмнэлэгт үзүүлж буй салангид эмчилгээнүүдийг нэгтгэх замаар хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдлийг бууруулах боломжтой болох юм билээ.
https://www.unuudur.mn/a/278527



