Халх голын шинэ суманд шилжин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байна
Халх голын 80 жилийн ойг есдүгээр сард тэмдэглэнэ. "Шинэ сум" төслийг дагасан шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгааг Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ онцлов.
Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Энэ сарын 5-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОБЕГ болон нутгийн удирдлагууд Халх гол сумын барилгын ажлын явцтай танилцаж, дурсгалын мод тарилаа. Мөн тус суманд 80 жилийн ой угтсан үйл ажиллагаа, бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгаатай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцсон юм.
Халх голын шинэ сум өнгө төрхөө шинэчилж байна
“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халх гол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж барьж байна. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьж байгаа юм.
Ирэх сард ашиглалтад хүлээлгэн өгөх энэхүү томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын "Роснефть" компанийн 8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Барилгын ажилд "Их модун" ХХК, Зэвсэгт хүчний 138, 110-р барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн гар бие оролцож байгаа юм.
Халх голд амьдрах орчныг төрөөс бодлогоор дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сумын барилгын явцтай танилцах үеэр, "“Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 1960 онд гаргаж байсан. Одоо ХXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй. Мөн XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ, малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай юм.
Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай Халх гол суманд газар тариаланг хөгжүүлж, хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн гаргах боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна.
2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ
Мөн Халх голын тулалдааны 80 жилийн ойн баяраар бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн.
2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх болов уу. Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай” гэлээ.
Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирэх урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авсан. Халх гол сумыг шинэчлэх санааг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, өнгөрсөн оны есдүгээр сард Владивостокт болсон уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулсан. Энэ санааг манай тал ихэд дэмжсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү санаачилга хоёр гол утгыг агуулж байна. Нэгдүгээрт, Халх голын байлдааны хамтын ялалтыг мөнхжүүлж, ирээдүй хойч үедээ үлгэрлэн өвлүүлэх. Хоёрдугаарт, хоёр орны найрамдалт харилцааг бататгах. Алслагдсан сумдын өнгө төрхийг өөрчилж, XXI зууны шаардлагад нийцсэн амьдрах орчин бүрдүүлэх нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэгэн чухал зорилт юм” гэв.
Шинэ суманд шилжин ирэх иргэдийн тоо нэмэгджээ
"Шинэ сум" төслийг дагасан шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгааг Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ онцоллоо.
Тэрээр “Манай сум төвөөс алслагдсан тул эрчим хүчээ уурын зуухаар шийдэж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч байна. Орон сууцны 20 барилга, аж ахуйн нэгжийн долоон барилгыг дулаанаар хангахуйц хэмжээний уурын зуух шинээр барьж байгаа.
Шинэ сум төсөл хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ манай сумыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн өсөх хандлагатай байна. 2018 онд сумын иргэдийн тоо 100 гаруйгаар нэмэгдсэн. Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан хими, биологи, түүх, бага ангийн багш нар ажиллах хүсэлтээ идэвхтэй ирүүлж байна" гэлээ.
Эрхүү мужаас бэлэглэсэн ОХУ-ын маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөө Халх гол суманд сүндэрлэжээ. Энэ тухай Эрхүү мужийн Хөрөнгө оруулалт хөгжлийн агентлагийн төлөөлөгч А.С.Просекин “Халх голын байлдаан манай хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан. Бидний бэлэг болгож буй энэхүү хөшөөг суурилуулах ажлыг энд ажиллаж буй барилгачид хоёр хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ” гэв.
Амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлж байна
Халх голын байлдаанд амь үрэгдсэн монгол, орос дайчдын булшийг сэргээн засварлаж, хүн ёсоор нутаглуулах ажлыг "Эх орны дайчид” ТББ 2009 оноос хойш хийж гүйцэтгэж байна. Энэ удаагийн малтлагыг Оросын Зэвсэгт хүчний цэргүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
“Амь үрэгдсэн дайчдын нэр усыг тогтооход ихээхэн анхаарч ажиллаж байна. Нэгэн орос нисгэгчийн шарилын нэрийг олж тогтоогоод шашны ёс жаягийнх нь дагуу Чойбалсанд хөдөөлүүлсэн. Дайчдын нэрийг эдэлж хэрэглэж байсан зүйлсээр нь олж тогтоох тохиолдол их. Усны сав, хоолны аяга зэрэг хувийн эд зүйлс дээр нь дайчдын нэрийг сийлсэн байдаг” хэмээн “Эх орны дайчид” ТББ-ын тэргүүн Р.Баяр хэлэв.
Эх сурвалж: www.news24.mn