\"ГОВИЙН ЧОНО-2017\" ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГУУЛИЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО
ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалын хамтарсан "Говийн чоно-2017" гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг 5-р сард Өмнөговь аймагт зохион байгуулахаар боллоо. Уг сургуулилтын бэлтгэл ажлын анхны уулзалт ОБЕГ-т болж уулзалтанд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, аймгийн ОБГ-ын дарга хурандаа Л.Баярсайхан нар оролцсон. Харин хоёр дахь уулзалт орон нутагт зохион байгуулагдах сургуулилтын ажлын байр, орчин нөхцлийг газар дээр нь ирж үзэж судлах ажлын хэсгийнхэн аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай уулзаж орон нутгийн гамшгийн мэдээлэл болон тус сургуулилтаар авах сургалт, дадлагын талаар ярилцлаа.
Өмнөговь аймгийн хувьд сүүлийн таван жилд гамшгаас
үүдэн 7 хүн нас барж, 1232 зам тээврийн ослоос 92 хүн амь насаа алдсан, 70.1
тэр бум төгрөгний хохирол учирсан зэрэг гамшиг ослын дүн мэдээ байна.
Говь нутгийн эрс тэс уур амьсгалтай бүс нутгийн
хувьд хавартаа шороон шуурга ихтэй, газар хөдлөлтийн идэвхитэй бүс, уулын
эзэнгүй ус буух, малын халдварт өвчин зэрэг юм. Дээрх гамшиг ослоос урьдчилан
сэргийлэх, гарсан тохиолдолд гарз хохирол багатай хэрхэн даван туулах
сургуулилт, дадлага сургалтыг түлхүү авах талаар аймгийн Засаг дарга саналаа
илэрхийллээ. Мөн гамшиг ослын талаар иргэддээ сургалт мэдээлэл явуулах, алба
хаагчдаа гадаад, дотоодын сургуулиудад өндөр боловсрол эзэмшүүлэх, сүүлийн
үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаагаа
хэллээ.
Энэ үеэр АНУ-ын Элчин сайдын яамнаас орон нутагт
цэцэрлэг, сургууль барих төсөл хэрэгжиж ирсэн. Үүнийг Өмнөговь аймагт
хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийлж Засаг даргатай дахин уулзаж ажил хэрэг
болгох талаар санал солилцсон.
Үүний дараагаар аймгийн онцгой комиссын гишүүдтэй
уулзалт хийж санал бодлыг нь сонслоо. "Говийн чоно-2017” гамшгийг арилгах
бүсийн сургуулилтаар 7 аймгийн 240 гаруй алба хаагчид хамрагдах төлөвлөгөөтэй
байгаа бөгөөд онол дадлага хосолсон, бусад улс орны туршлагыг нэвтрүүлсэн орон
нутагт бүсийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдах томоохон үйл ажиллагаа юм.