А.Алтаншагай: Би найзынхаа ачийг хариулах гэж үүрдэг

А.Алтаншагай: Би найзынхаа ачийг хариулах гэж үүрдэгАрхангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн Г.Батгэрэл багштай 4а ангийн сурагч Анхбаярын Алтаншагай, Отгонбаярын Отгонбаатар нар үнэхээр өхөөрдөм жаалууд. "Үргэлж хамтдаа үүрд найзууд байна” гэсэн тангаргатай хоёр хүү байнга л хамтдаа явах нь хайр татам. Тэднийг харсан хэний ч сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Хүүхэд насны гэнэн томоогүй үерхэл, цагаан цайлган сэтгэл, жаргал хуралдсан гэгээн мэлмий тэднийг чимнэ. Ингээд найз нөхөрлөлийнх нь талаар Анхбаярын Алтаншагай хүүтэй цөөн хором ярилцлаа. Найз гэдэг үгийн цаана нандин сайхан холбоо бий. Үерхэл гэдэг үгийн цаана үй түмэн зангилаа бий гэдэг энэ бөлгөө.Эрхэм уншигч та хүүхдийн гэгээн ертөнцөд бага ч атугай саатна уу?


-Миний дүү найзтайгаа байнга л тэврэлдээд явах юм. Чи найздаа тийм их хайртай юм уу?


-Тийм ээ. Миний найз дандаа надад тусалдаг. Би найзыгаа Отгоо гэж дууддаг. Найз маань их өглөгч, даруу, сайхан зантай. Бид "Үргэлж хамтдаа үүрд найзууд байна” гэсэн уриатай. Энэ уриаг би гаргаж найз маань дэмжсэн. Хаана ч явсан байнга л хамт байна шүү гэж бие биедээ тангаргаласан. Манайх зургаан ам бүлтэй. Харин манай найзынх таван ам бүлтэй. Би айлын хоёр дахь хүүхэд, Отгоо маань ч айлын хоёр дахь хүүхэд. Найз маань манайд ус авч өгдөг. Би найздаа үнэхээр хайртай. Отгоо миний хамгийн сайн найз. Өөр сайн найзууд бий. Ганбаяр,Эрдэнэбаатар, Наранбаяр, Түмэн-Эрдэнэ, Дашсүрэн, Баярхүү, Маргад-Эрдэнэ... "Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” гэж багш маань хэлдэг. Бас ном уншиж олон сайхан зүйр цэцэн үг мэддэг болсон.



-Та хоёр хэдэн жил найзалж байгаа вэ?


-Дөрөв дэхь жилдээ найзалж байна. Сургуульд анх ороод л найзалж эхэлсэн. Найзын маань гэр манайхтай ойрхон болохоор уулзахад амар байдаг. Хичээлдээ хамтдаа ирж очдог, бас ханатлаа тоглодог. Бид хөөцөлдөж муур хулгана болж тоглодог. Бие биеэ үүрдэг. Ихэвчлэн би Отгоогоо үүрдэг.


-Яагаад?


-Миний найз хөнгөн байхгүй юу. Би чамд туслах уу? гэж байнга асуудаг болохоор найзынхаа ачийг хариулъя гэж бодоод чин сэтгэлээсээ үүрдэг юм. Хааяа бид хоёр мөнгөтэй болдог. Аав, ээж, гэрт ирсэн хүмүүс заримдаа мөнгө өгдөг. Тэд ихэвчлэн 1000-1500 төгрөг өгнө. Тэр мөнгөөрөө хичээллийн хэрэгсэл нафелон, бургер авч иддэг. Амттан олдвол найзтайгаа хувааж идэхийг боддог. Найз маань надад найрсаг хандаж үргэлж тусалдаг болохоор би дандаа баярлаж явдаг.


-Та хоёр номын санд суудаг уу?


-Суулгүй яахав. Би номын санд орж ном уншина, хамтдаа хичээлээ хийнэ. Бас гоё гоё тоглоомуудаар хамтдаа тоглодог. Үнэхээр гоё гоё тоглоом, олон сайхан номтой. Бид хоёрдугаар ангиасаа эхлэн тогтмол номын санд сууж байгаа. Манай номын сангийн даргаар 4б ангийн Баасансүрэн гэж онц сурлагатан хүүхэд бий. Тэр хүүхдийн үгэнд бид сайн ордог. Би найзтайгаа хамт олон сайхан ном уншсан. Манай ээж Отгоо "Өвөл ба хэрэм” номд их дуртай. Харин надад "Цуутын цагаагч гүү” үлгэр маш их таалагддаг. Би энэ үлгэрийг уншаад маш их догдолдог.


-Чиний ширээний найз хэн бэ?


-Отгоо минь шүү дээ. Багш маань эрэгтэй эмэгтэйгээр нь суулгадаг. Гэвч багшаасаа Отгонбаатар бид хоёр нэг ширээнд суучих уу? гээд зөвшөөрөл авдаг. Найзтайгаа хамт суух үнэхээр гоё. Бид хоёр хичээлээ хамтдаа хийж, минутын уншлага бие биеэсээ авдаг.



-Та хоёр хэд сурдаг вэ? Шударга хэлээрэй.


-Аан за. Бид хоёр дунд л сурдаг. Найзтайгаа сурлагаа дээшлүүлэх зорилго тавьсан. Яг шударга хэлэхэд би минутанд 101, миний найз 65-70 үг уншдаг. Гэхдээ миний найзын сурлага ахиж байгаа болохоор баяртай байгаа. Би математикийн хичээлдээ илүү сонирхолтой. Бид ангийнхаа багшид маш их хайртай. Багш маань биднийг хичээл номдоо шамдаарай гэж үргэлж санаа тавьдагт их баярладаг.


-Миний дүү том болоод ямар мэргэжилтэй болох вэ?


-Эрдэмтэн болох санаатай. Харин Отгоо маань эмч болж аав ээжийгээ эмчилж олон хүнд буян болно гэсэн. Бид хоёр зорилгоо биелүүлнэ гэсэн тангаргатай. Зорилгоосоо ухрахгүй зүрх сэтгэлдээ хоногшуулна. Миний найз сайн эмч болоод намайг урт наслуулна гэсэн. Би зуугаас ч илүү наслах байх/инээв/.



-Чи найзтайгаа муудалцдаг уу?


-Хааяа жаахан маргана. Тэгээд удахгүй миний буруу гээд бие биеэсээ уучлалт гуйдаг. Зэрэг уучлалт гуйх тохиолдол зөндөө байдаг. Миний найз үнэнч шударга зантай. Найз минь надаас асууж лавлах зүйл их байдаг. Тухайлбал, "чи надад бодлогыг заагаад өгөөч” гэдэг. Найз минь болохоор би ойлготол нь сайн зааж өгдөг. Отгоог маань хүүхэд дээрэлхээд уйлуулчихсан байсан. Гэтэл би найзыгаа өмөөрч нулимсыг нь арчиж өсгөн.


-Найздаа хандаж юу хэлэх вэ?


Миний найз хичээл номдоо шамдан суралцаарай. Хэзээ ч битгий шантраарай гэж хэлмээр байна. Үеийн хүүхдүүддээ хандаж хэлэхэд, найзууд бие биедээ үнэнч яваарай гэж захъя.


Б.Анхцэцэг


times.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen