Австрали: Жагсагчид Израилд хориг тавихыг шаардав

Австрали: Жагсагчид Израилд хориг тавихыг шаардав

 

Австрали улс томоохон арга хэмжээ зохион байгуулахдаа ихэвчлэн Сиднейн алдарт Харбор гүүр болон Дуурийн театр бүхий тэнгисийн эргийг сонгодог. Харин Израилийн 2023 оны Газын зурваст хийсэн довтолгооны дараа хоёр долоо хоног тутам болдог цөөн тооны жагсаалын зохион байгуулагчид олон нийтийн хандлага өөрчлөгдөж байгааг мэдэрмэгц, анхаарал татах хүчтэй арга хэмжээ зохион байгуулахаар шийджээ. Тэдний сонголт бол Сиднейн Харбор гүүрээр жагсаал хийх байв.

“Бидний харж буй аймшигтай нөхцөл байдлыг эсэргүүцэж буй хүмүүсийн анхаарлыг татах, төсөөллийг нь өдөөх зорилгоор Сиднейн Харбор гүүрээр жагсах зоримог санаа гаргасан” хэмээн жагсаалыг зохион байгуулагч “Palestinian Action Group”-ийн Жош Лийс мэдэгдэв.

Protesters march across Sydney Harbour Bridge on August 3, 2025 to protest against Israel's actions in Gaza.

Тус жагсаалыг зохион байгуулахад дэлхийн уран бүтээлчдийн Палестиныг дэмжсэн байр суурь, мөн Израилийг шүүмжилсэн ч еврей хүмүүсийн дэмжлэг авч чадсан Нью-Йоркийн хотын захирагчид нэр дэвшигч Зохран Мамдани ялалт байгуулсан зэрэг үйл явдал нөлөөлжээ.

“Энэ мэдрэмж Австралид ч байсан. Олны уур бухимдал, шүүмжлэл бодитоор мэдрэгдэж, өмнө нь идэвхгүй байсан сүм хийдүүд, үйлдвэрчний эвлэл, парламентын гишүүд хүртэл биднийг дэмжихээ илэрхийллээ” хэмээн Лийс онцолсон юм.

2025 оны наймдугаар сарын 3-нд болсон жагсаалын үеэр нийт 90,000 хүн оролцсон гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн бол зохион байгуулагчид энэ тоог 300,000-д хүрсэн гэж мэдэгдэж байна. Хүйтэн бороо, салхийг үл хайхран, долоон хоногийн дотор зохион байгуулагдсан уг жагсаалд ийн олон хүн оролцсон нь Австраличууд Засгийн газраасаа тодорхой байр суурь, арга хэмжээ шаардаж буйг илтгэж байна хэмээн тэмдэглэжээ.

Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг жагсаалын цар хүрээнд гайхахгүй байгаагаа илэрхийлээд:

“Газад өрнөж буй хүмүүнлэгийн сүйрэл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь нас хохирч буй нөхцөл байдал, хүмүүнлэгийн тусламжийг хориглож буйг харсан Австраличуудын бухимдлыг би ойлгож байсан. Ийм хэмжээний жагсаал болно гэдгийг урьдчилан мэдэрч байсан” гэж ABC радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Palestinians flock to the area where planes dropped aid packages in western Gaza City on August 7, 2025.

Түүний хэлснээр жагсаал нь Австралийн олон нийтийн энх тайван, гал зогсоох хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа бөгөөд Засгийн газар ч энэ байр суурийг дэмжиж байгаа аж.

Жагсаалын уриалга, шаардлага

Жагсаалын зохион байгуулагчид Израилийг Палестиныг устгах үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж, Австралийн Засгийн газрыг дараах дөрвөн үндсэн шаардлагыг биелүүлэхийг шаардав:

  1. Израильд хориг тавих

  2. Израильтай хийж буй зэвсгийн хоёр талын худалдааг зогсоох

  3. Газад хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийг зөвшөөрөх

  4. Гал зогсоох болон Израилийн цэргийн хүчийг Газын зурвасаас гаргах

Гэсэн ч жагсаалын шаардлагад Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай асуудал албан ёсоор багтаагүй.

Австралийн Засгийн газар сүүлийн таван жилийн хугацаанд Израильд зэвсэг нийлүүлээгүй гэж мэдэгдсэн ч, дотоодын компаниуд нь Израилийн ашиглаж буй F-35 сөнөөгч онгоцны сэлбэг, эд ангийн нийлүүлэлтийн сүлжээнд багтаж байгаа юм.

Жагсаалын дараа Австралийн Засгийн газар Газад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, нийт 130 сая австрали доллар (84 сая ам.доллар)-ын тусламж үзүүлээд байна. Гэхдээ бусад шаардлагад хариу өгөөгүй хэвээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen