The MongolZ баг "BLAST Bounty Fall 2025" тэмцээний дэд байрт шалгарлаа
Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээн Бүгд Найрамдах Мальта Улсад болж өндөрлөлөө. 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээны финалын тоглолт өнгөрсөн шөнө болж “The MongolZ” баг дэд байр эзэллээ
Шөвгийн наймд тэд Туркийн Aurora Gaming багтай “Bo3” (best of three) форматаар тоглож, 2:0 харьцаатай давуу ялалтаар хагас шигшээд шалгарсан. Улмаар энэ жил CS2-ийн ертөнцөд бараг дийлдэшгүйд тооцогдож байсан Францын Team Vitality-г хожиж, шөвгийн дөрвөөс финалын төлөө тоглосон юм.
Ингээд аваргын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө 22:00 цагаас “Bo5” (best of five) форматаар болж, “The MongolZ” финалд Team Spirit-т багт 0:3 онооны харьцаагаар ялагдан дэд байрт шалгарлаа.
Тэмцээний аварга Team Spirit $287,812.50 ам.долларын шагнал хүртсэн бол “The MongolZ” $68,437.50 ам.доллар авлаа.
Ийн хоёрхон хоногийн дараа Саудын Арабын нийслэлд “CS2 at Esports World Cup 2025” тэмцээн эхлэх бөгөөд энэ нь саяхан өндөрлөсөн BLAST-аас хоёр дахин өндөр шагналын сантай, S-Tier түвшний уралдаан юм.
Esports-ын олимптой дүйцэхүйц гэж нэрлэгддэг энэхүү дэлхийн аварга тэмцээний нэг төрөлд “The MongolZ” баг дахин өрсөлдөнө.