Найз гэдэг дайсан юм байна
Би нэг найзтай байсан юм. Тэр найзтайгаа л бүх зүйлийн тухай ярьдаг байлаа. Гэр бүл л болсон хойно нөхөртөйгөө муудалцсан тухайгаа, сэтгэлдээ хадгалдаг уулзаж ч үзээгүй тэр нэг залуугийн тухай, тэгээд хадмууд энэ тэр гээд эмэгтэй хүний ярьдаг нарийн нандин нууцаа бүгдийг л түүнд хэлдэг байсан. Бүр сексийн харьцаагаа, барагтай бол тавьж чаддаггүй гэх мэт бүх л зүйлээ ярьсаан. Гэтэл саяхан түүнийг сонин зан гаргаад байхаар нь хэрэлдээд орхив. Тэгсэн чинь Чамайг би мэднэ, чи ёстой харнаа намайг яахыг гээд л баахан хараалаа. Би ч бүр шоконд ороод ямар аймаар юм бэ дэ гэж бодоод өнгөрлөө. Тэгтэл тэр манай нөхөр рүү утсаар яриад түүнтэй ярьж байсан миний бүх нууцыг бүүр дотроо нууж явсан хайрыг минь хүртэл хэлээд түүний тухай, бас миний ярьж байсан нөхрийн тухай сексийн үеийн зүйлийг, хадмын тухай бүх л яриаг хэлчихсэн байна. Үнэхээр аймаар бодохоос ч итгэмээргүй, би тэр найзыгаа арай ч надад ингэж хандана гэж төсөөлсөнгүй явжээ. Мэдээж нөхөр маань надад салах санал тавилаа. Өөр хүнийг хайрлаж байсан, тэгээд ч чи ханадаггүй байсан гээ биз дээ, чамаар би одоо яах юм, миний эцэг эхийг намайг муу хэлж ярина гэж үнэхээр бодсонгүй гээд яваад өгсөн. Надад үнэхээр хэцүү байна.
Хүүхнүүд бид чинь эмэгтэй найз нартайгаа юу эсийг ярьж суудаг билээ дээ. Манай хадмууд их сонин дээрэлхүү хүмүүс байдаг юм. Тэр тухайгаа л хэлж байсан чинь миний хэлсэн дээр бүүр нэмээд хачирлаад ёсон бусаар нь ярьсан байна лээ. Арай ч дээ гэж бодож сууна. Тэр ч бас өөр хүнтэй явдаг, бас надаас илүү янз бүрийн юм ярьдаг байсан. Гэхдээ би хэзээ ч түүн шиг нэг хэрэлдэнгүүтээ нөхөрт нь очиж хэлэхгүй, цаашдаа ч юм дуугарахгүй. Ийм л хэцүү байдалд орчихоод яахаа мэдэхгүй сууж байна даа. Найз гэдэг чинь дайсан л байдаг юм байна. Одоо ёстой хэндээ ч зовлонгоо тоочих вэ дээ. Бас нэг найздаа хэлнэ, тэр эргээд л миний нуруу руу хутга далайх биз. Эмэгтэйчүүд минь хамаагүй нууцаа нээж ярих хэрэггүй юм байна шүү.
Би нөхөртөө юу ч хэлж чадсангүй явуулчихлаа. Гэхдээ тэр минь ухаантай хүн болохоор намайг ойлгож уучлах байх гэж найдаж байгаа. Би ч тэр залуутай уулзаж учирч ор дэр болоогүй болохоор ойлгох байлгүй л гэж бодож сууна. Хэн нэгэнд сэтгэлийн жолоогоо алдах явдал хүн бүрт л байдаг биздээ. Тэглээ гээд би түүнтэй уулзаж л үзээгүй шүү дээ. Хэрвээ уулзсан бол тэр хэлээд бүүр намайг хүнд байдалд оруулах байсан нь тодорхой.
Энэ байр маань минийх л дээ. Би аав ээж, өөрийнхөө цуглуулж байсан мөнгөөр авсан юм. Тэгээд нөхөр маань яваад 5 хонолоо. Над руу, хүүхэд рүүгээ ч ярихгүй байна. Би ч залгасангүй ээ. Залгалаа гээд яг яаж юу гэж ярихаа мэдэхгүй сууна.