Дүүжин тээврийн тулгуур багануудыг суурилуулна
Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Одоогоор шон суурийн ажил бүрэн дуусч, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа бөгөөд уг ажил нийт гүйцэтгэлийн 5 хувьд хүрсэн байна.
Төслийн хүрээнд Франц улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулж байгаа бөгөөд эдгээрээс 67 чингэлэг төслийн талбайд буусан. Пома группын төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын металь эд ангиудын холболт хийж гүйцэтгэж байсан бол эдгээр бүтээцүүдийг тулгуур баганы суурийн талбайд байршуулсан байна. Үндсэн тулгуур баганыг суурилуулах ажил ирэх долоо хоногоос эхлэх болжээ.
Харин төслийн хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн дүүжин зам нь 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөгдсөн. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүн амын нягтаршилтай бүсүүдийг холбох, жуулчдын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.