Дональд Трамп зэсийн төслийн асуудлаар томоохон уул уурхайн компаниудын захирлуудтай уулзлаа

Дональд Трамп зэсийн төслийн асуудлаар томоохон уул уурхайн компаниудын захирлуудтай уулзлаа

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том хоёр уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлуудтай уулзаж, АНУ-ын ирэх хэдэн арван жилийн хэрэгцээний дөрөвний нэгийг хангах боломжтой зэсийн төслийн талаар ярилцжээ. Энэхүү төсөл нь тус улсын стратегийн чухал металлын дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх Трампын шахалтад чухал нөлөөтэй учраас ач холбогдол өгч байна.
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал асан Якоб Стаушольм, түүний залгамжлагч Саймон Тротт, мөн өрсөлдөгч BHP группийн гүйцэтгэх захирал Майк Хенри нар Аризона муж дахь “Resolution” төслийн талаар АНУ-ын ерөнхийлөгчтэй ярилцсаныг Bloomberg мэдээлжээ. Дональд Трамп “Resolution” төслийг саатуулсан шүүхийн шийдвэрийг шүүмжилж, АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд уг төсөл зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
Трампын засаг захиргаа АНУ-ын металл ба ашигт малтмалын үйлдвэрлэлийг сэргээхийг тэргүүлэх зорилт болгосон бөгөөд үүнд зэс онцгой байр суурь эзэлж байгаа юм. Зэс нь эрчим хүчний шилжилт, аж үйлдвэржилт болон уламжлалт хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийн нэн чухал түүхий эд билээ. Энэ бодлогын хүрээнд Вашингтон энэ оны эхээр металлаар хийсэн олон төрлийн бүтээгдэхүүнд тариф ногдуулсан ч боловсруулсан металлын урсгалыг хамруулаагүй байна.
Якоб Стаушольм
Якоб Стаушольм
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал асан Якоб Стаушольм “Өнөөдөр би Саймон Троттын хамт Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Дональд Трамп, Дотоод хэргийн сайд Даг Бургум болон бусад албаны хүмүүстэй уулзаж, АНУ-д зэс болон бусад чухал ашигт малтмал нийлүүлэхэд Рио Тинто компанийн гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцлээ” гэжээ. Тэд “Resolution” төслийн дотоодын нийлүүлэлтийн чадамжийн талаар ярилцсан байна.
Рио Тинтогийн мэдэгдэлд уулзалтын гол сэдэв нь зэс болон бусад чухал ашигт малтмалын урт хугацааны дотоодын нийлүүлэлтийг хангах салбарын чадавхын талаар өрнөсөн гэжээ. Ерөнхийлөгч Трампын дэмжлэгтэй байсан ч Америкт томоохон уурхай барих нь маш удаан, төвөгтэй үйл явц билээ. S&P Global-ын мэдээлснээр АНУ-д ашигт малтмал илрүүлсний дараа арилжааны олборлолт эхлэх хүртэл дунджаар 29 жил шаардагддаг нь Замби улсаас бусад улс орнуудын хамгийн урт хугацаа аж.
XX зуунд хүрэхэд хялбар орд газруудын ихэнх нь, тэр дундаа Resolution төслийн ил байрлах ордуудын нөөц бараг л шавхагдсан. Одоо уурхайчид газрын гүн рүү, нэгэн цагт хүмүүс орвол тэсэж чадахааргүй байсан халуун бүс рүү нэвтрэх шаардлагатай болсон нь техникийн олон бэрхшээл дагуулж, өртөг нэмэгдэхэд хүргэж байгаа аж.
Хэрэв Аризона дахь уг төсөл хэрэгжвэл АНУ-ын жилийн зэсийн хэрэгцээний 25 хувийг 40 жилийн турш хангах боломжтой гэж Рио Тинто мэдэгдсэн ч зөвшөөрөл, байгаль орчны асуудал, шүүхийн маргааны улмаас олон арван жил саатсаар ирсэн юм.
Уурхайг байгуулах байгаль орчны эцсийн зөвшөөрлийг зургадугаар сард өгсөн ч эсэргүүцэгчид давж заалдаж, шийдвэрийг дахин хянуулахыг хүссэн байна. Мягмар гарагт тэд төслийн гол хэсэг болох газрын зөвшөөрлийг хойшлуулах асуудлаар ялалт байгуулжээ.
Майк Хенри
Майк Хенри
Трамп уул уурхайн компанийн удирдлагуудын айлчлалтай давхцан гаргасан нийгмийн сүлжээний мэдэгдэлдээ шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн байна.
Тэрээр Truth Social хуудсандаа “Аризона дахь ‘Resolution’ зэсийн уурхайг радикал зүүний шүүх хоёр сараар саатууллаа. 3,800 ажлын байр эрсдэлд орлоо. Манай улсад зүгээр л зэс хэрэгтэй байна. ЯГ ОДОО!” гэж бичжээ.
Лондоны металлын биржид зэсийн ханш энэ жил 11 хувиар өсөж, нэг тонн нь 9,708 ам.доллараас дээш арилжаалагдсан байна. Дээд үнэ өнгөрсөн жил 11,000 ам.долларыг давж байсан юм.
Өнгөрсөн зургаадугаар сард Рио Тинтогийн мэдээлснээр, АНУ-ын хөнгөн цагаанд ногдуулсан тарифтай холбоотойгоор 321 сая ам.долларын зардал гарсан ч уг зардлын ихэнх хэсгийг АНУ дахь борлуулалтын нэмэлт үнээр нөхөж чадсан байна.
Эх сурвалж: Bloomberg
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen