Нөөцийн мах өдөртөө зарагдаад дуусч байна

Нөөцийн мах өдөртөө зарагдаад дуусч байна

 

Хаврын улиралд махны хомсдол үүсч, махны үнэ хөөрөгддөг. Энэ жилийн хавар махны үнэ урьд жилүүдийнхээс харьцангуй өндөр төдийгүй долоо хоног бүр 2200-2800 төгрөгөөр өссөн үзүүлэлт ажиглагдаж байна.

2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 21.03 хувиар буюу 1,840 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 31.48 хувиар буюу 2,833 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23.78 хувиар буюу 2,269 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23.62 хувиар буюу 2,701 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 36.3 хувиар буюу 2,450 төгрөгөөр өссөн, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 37.5 хувиар буюу 2,400 төгрөгөөр өссөн байна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээлжээ.

Махны энэхүү өсөлтийн шалтгааныг зах, худалдааны төвүүдийн махны худалдаачдаас асуухад Хятад улс махыг өндөр үнээр авч байгаа учир малчид махаа Хятадын ченжүүдэд өндөр үнээр зарж байгаа учир мах хомсдож, үнэ нь нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байсан юм.

Харин махны үнэ өссөн асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхдөө "Мах, гурилтай холбоотой цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгасан. Зохион байгуулалттай, 2-3 компани нийлж махны үнэ хөөрөгдсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнийг ТЕГ-т шилжүүлсэн. ТЕГ Засгийн газарт мэдээлэл өгсний дараа зохиомол нөхцөл байдал үүсгэсэн үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээлэх байх. Махны үнэ өссөн асуудлыг хятадуудтай холбоотой үйлдвэрлэл энтэр гэж хэлмээргүй байна. Юутай ч ийм зүйл байж болохгүй. Одоо байгаа нөөцийн махуудыг хугацаанаас нь өмнө гаргах асуудалд анхаарч байна" гэлээ. 

Жил бүрийн хавар махны хомсдол үүсдэгтэй холбогдуулан ХХААХҮЯ-наас махны борлуулалтыг тогтвортой байлгах үүднээс нөөцийн махыг бэлтгэн, худалдаанд гаргадаг. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах бэлтгэн, хөлдөөж байсан бол энэ жил нөөцийн махны хэмжээ буурч  4000 тонн мах бэлтгэсэн.

Энэ нь иргэдийн махны хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна. Учир нь махны шат дараалсан үнийн өсөлт, хомсдол иргэдийг нөөцийг маханд оочерлоход хүргэж байна. Энэ 1990-ээд оны картын барааны үетэй танил дүр зураг сэтгэлд бууж байлаа. Энэ дүр зургыг нөөцийн мах борлуулж буй “Тэнгэр плаза” супермаркетаас өглөө бүр харж болно.

Тус дэлгүүрт 16.40 цаг болж байхад очиход нөөцийн мах битгий хэл шинэ мах ч харагдахгүй, лангуунууд нь хоосон байлаа. Худалдагч бүсгүйгээс учрыг лавлахад “Өнөөдөр нөөцийн мах болон бусад махнууд бүгд дууссан. Маргааш өглөө ирнэ. Нөөцийн мах ирээд л тэр дороо дуусчихдаг. Өдөрт 2, 3 ч удаа ирдэг. Хүмүүс өглөө эрт ирээд оочерлож байгаад авдаг” гэж байлаа. Харин нөөцийн мах асуусан, хайсан үйлчлүүлэгч орж ирэх бөгөөд “Өө би хоцорчихлоо. Одоо тахианы мах л граммлаж авья даа” хэмээн уулга алдах нэгэн ч байв.

 Дараа нь Баянзүрх дүүргийн  21 дүгээр хороо буюу гэр хороололд байрлах “Хишиг ундраа” худалдааны төвд очиход тэнд ч мөн нөөцийн мах байсангүй. Худалдагч эмэгтэйгээс нөөцийн мах хэзээ ирэхийн асуухад “манайд нөөцийн мах хоёр хоноод нэг ирдэг. Өглөө ирээд л тэр өдрийнхөө үдээс өмнө дуучихдаг. Одоо маргааш л ирнэ дээ” гэв. Биднийг ингээд ярилцаж зогсоход гаднаас хоёр эмэгтэй орж ирсэн нөөцийн мах асуухад худалдагч мөн адил хариулт өгөв. Хоёр эмэгтэй “Нөөцийн мах маргааш ирнэ гэж байна. Яах уу. Эсвэл маргааш болох уу гэж хэсэг эрзэлзэж зогссоноо умс, кита, гургалдай байна уу гэж худалдагчаас асуулаа. Худалдагч байгаа энэ гээд жижиг тортойг үзүүлхэд хоёр бүсгүй үг дуугүй цааш алхав. Тэд шинэ мах болон үнийг нь ер сонирхсонгүй.

Тэднээс яриа авах зөвшөөрөл хүсэхэд бид угаасаа махны үнийг дийлэхээ байсан. Нөөцийн мах авах санаатай явж байна. Тэгээд иймэрхүү байгаагаа хэндээ гайхуулах гэж олон түмэнд зарлах вэ зураг битгий аваарай гээд цааш явлаа.

 Ийм л дүр зургийг өнөөдөр олж харлаа. Энэ байдал нь 60 гаруй сая толгой малтай Монголчуудын хувьд эмгэнэл ч юм шиг сэтгэгдэл төрөв. Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдсон. Үүнийг хүн амтай харьцуулбал иргэн бүрт 20 гаруй толгой мал ноогдоно гэсэн үг.  Гэтэл бид өнөөдөр махаар “цангаж” байна.

Х.Соёл

http://www.zaluu.com/read/35d98ce7g

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen