Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа эх орон нэгт Монголчуудаа, эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс ээ,

Та бүхэндээ 17-р жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Цагаан сарын бэлэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, ураг төрлөөрөө учран золгодог эртний сайхан уламжлалтай билээ.

Сүүлийн жилүүдэд нэмж чадаагүй байсан цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ.

Улиран одож буй шороон нохой жил Монголчууд бидний хувьд ажил өрнөж амьдрал ундарсан жил байлаа.

Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж Монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо.

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний бэлэгшээдгээр малчид тариаланчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо 67 саяд хүрч өслөө. Улсын хэмжээнд хураан авсан үр тарианы хэмжээ өмнөх оныхоос 2 дахин нэмэгдэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадлаа.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч унаж байсан бол 2018 онд 6.4 хувьд хүрч эдийн засаг тасралтгүй өсөн дэвжиж байна. Улсын төсөв сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарлаа. Сүүлийн жилүүдэд нэмж чадаагүй байсан цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ.

Монгол Улсын Засгийн газар түүхэн бүтээн байгуулалт болох Нефть боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр болон таван толгойн төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг улсын хэмжээний томоохон дэд бүтэц, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.

Улиран одож буй нохой жил манай нийгэмд шударга ёсны салхи сэвэлзсэн жил байлаа.

Нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүллээ. Энэ бүхэн Монголчууд бидний хамтын амжилт, хамтын бүтээл байлаа.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй нохой жил манай нийгэмд шударга ёсны салхи сэвэлзсэн жил байлаа.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, ард түмэн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх нь улс орны маань хөгжил дэвшлийн үндэс, эрх чөлөөт, шударга ардчилсан нийгмийн бат суурь нь болох учиртай.

Ийм учраас ирж буй гахай жилд Монгол төрд бугласан утаа мананг арилгаж, Монгол хүн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно.

Шинэ он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ хүртээсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн он болох болно.

Эх орон нэгт ахан дүүсээ,

Монгол түмний магнайг тэнийлгэх сайхан жил гарч байна. Ирж буй 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай.

Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen