Өнөөдөр “Монгол бахархлын өдөр” тохиож байна

Өнөөдөр “Монгол бахархлын өдөр” тохиож байна

 

Монголчууд эрт, эдүгээгийн аль ч үед хөх тэнгэртээ сүсэглэн залбирч эх нутаг, газар шороо, туурга тусгаар улс гэрийнхээ төлөө нэгэн биений зовлон, жаргалыг умартан, амь хайргүй тэмцэж ирсэн баатарлаг, дайчин уламжлалтай ард түмэн билээ.

Монгол Улсын түүх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь замнал, баатарлаг дайчин үйлстэй салшгүй холбоотой.

Тэгвэл энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр-Монгол бахархлын өдөр тохиож байна.

Өнөөдөр эх орноороо, их түүхээрээ, Эзэн Богд Чингис хаанаараа бахархах, Монгол хүн болж төрснөөрөө омогших өдөр юм.

Мөн Монголчууд бид элэг нэгтнээ, бие биенээ энэрэн хайрлах, өв соёл, буурал түүх, эх орон, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, хийсэн бүтээснээр нь бахархах өдөр.

Их Эзэн Чингис хаан мэндэлсний өдрийг  жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тооцож, бүх нийтээрээ амарч байхаар тогтсон. Түүнчлэн энэ өдөр нийслэлд мөрдөгддөг дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон "Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Энэ жилийн хувьд  тус одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээнэ.

"Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа 11.00 цагт эхлэх юм. Мөн Их Эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан  14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Элэг нэгт Монгол түмэндээ Эзэн Богд Чингис хаан мэндэлсний ойн мэндийг хүргэхийн сацуу мянганы их хүмүүн Чингис хааны үр сад, Монгол хүн гэдгээрээ бахархах энэхүү өдрийн мэндийг хүргэе.

Bolod.mn

У.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen