"Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь уушгины хатгалгаа, багтраа өвчин туссан нь агаарын бохирдолтой холбоотой"
Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт орны зохицуулалт хийх, эмч сувилагчдын тоог нэмэх, шаардлагатай эм тариа захиалах, томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулах зэрэг олон талын арга хэмжээг авч эхэлсэн билээ.
Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89,587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6,488 тохиолдол оношлогджээ.
Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа аж. Нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баасан гарагт Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллав.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь 165 ор бүхий хүчин чадалтай ч одоогоор 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн "Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байна. Манайх 165 ортой өнөөдрийн байдлаар 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлгийн нягтрал ихэсч байгаатай холбогдуулан зарим зохион байгуулалтын ажил хийсэн.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Сонгинохайрхан дүүргийн I амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, 70 ор байрлуулж хүүхэд хэвтүүлэн эмчилж байна. Үүнийг Хүүхдийн III тасаг гэж түр нэрлэсэн. Энэ тасагт Улаан загалмайн нийгэмлэгээс 60 ор, хөнжил, гудастай нь өгсөн. Бид бүхэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан бүхэл бүтэн нэг тасгийн үйл ажиллагааг энд явуулж байна.
Түүнээс гадна өрхийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн анагаахын сургуулийн төгсөх курсынхныг дайчилж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь уушгины хатгалгаа, багтраа өвчин туссан байгаа юм. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой” хэмээн ярилаа.
ХОТЫН ДАРГА ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Энэ долоо хоногийн эхээр нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн байдлаар мэдээлэл авсан. Дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал ямар байгааг биеэрээ явж танилцахыг хүссэн. Өөрийн зүгээс болон салбар яаманд тавих санал юу байгааг эмч мэргэжилтнүүд, өвчтөнөөс сонслоо. Ер нь томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй гайгүй ч амьсгалын замын цочмог халдвар ихэсчээ.
Тархалт ихэсч магадгүй учраас хотын зүгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, зарим нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн ханган нийлүүлэлтийг сайжруулахаар ажиллаж байна. Сонгинохайрхан бол Улаанбаатарын том дүүргийн нэг. Өнөөдрийн байдлаар ачаалал нь эрс нэмэгдчихсэн байна. Энэ байдал жил бүр давтагддагийг эмч нар ч хэлж байна. Тиймээс ирэх жилээс нийслэлд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаа.
Эмнэлгийг 2018 онд ашиглалтад оруулснаар нийслэлийн хүүхдийн эмнэлгийн одоо байгаа байдал харьцангуй дээрдэнэ. Өвчтөнүүдийн хувьд эм тариагаар тасраагүй ч орны хүрэлцээ муу байгаа талаар саналаа хэлсэн. Эмнэлгийн захиргаанаас нярайн хиймэл амьсгалын аппаратын асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг холбогдох хүмүүстэй нь ярилцаж шийдвэрлэх болно” гэв.
Харин Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв дүүргийн хүн ам 90 мянгад хүрч байх үед байгуулагджээ. Гэтэл одоо тус дүүргийн хүн ам 140 мянгад хүрч тэдгээрийн 25 хувь нь хүүхэд байдаг байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учраас дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгожээ. Хэдийгээр амьсгалын замын цочмог халдварын эзлэх хувь 7.2 буюу харьцангуй бага гэсэн зэрэглэлтэй байгаа ч хүндрэлээс үүдэлтэй уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцлон ярьж байв. Энэ хэрээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж дүүргийн эмнэлгүүдийн нийт орны ачаалал нь батлагдсан тооноос 30 орчим хувь, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрэхэд хүрчээ.
Хотын дарга эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлэгч тэдний асран хамгаалагч нартай уулзаж санал бодлыг нь сонссоныхоо дараа дуслын шахуурга, судас тодруулагч, дусал халаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өнгөрсөн сарын 15-наас эхлэн уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажиллуулж эхэлсэн байна.
Мөн 0-5 хүртэлх насны хүүхдийг эмч нар гэрээр нь үзэж, эмчилж байгаа хэмээн албаныхан ярьж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.