Эм тариа бус эмнэлгийн багтаамж асуудал дагуулж байна
Жил бүр хүйтний улиралд тэр дундаа өвөл хүүхдийн өвчлөлд нэмэгдэж, тэр хэрээр олны анхаарлыг татаж, эвий минь, халаг минь энэ эрүүл мэндийн салбарыг яана даа хэмээх харуусал нэмэгддэг. Сүүлийн өдрүүдэд ч мөн л адил дээрх асуудал хөндөгдөж, цахим сүлжээ болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгийн байгууллагууд тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдийн хонгилд нэмэлтээр ор тавин эмчлүүлж буй өвчтөнүүдийн зураг хөврөх болсон.
Мэдээж энэ асуудал салбарын гадна орхигдчихоогүй. Мөнхийн анхаарал хандуулах чухал сэдэв байсаар байгаа. Гэвч хүн амын тоо нэмэгдэж байна хэмээн дээр, доргүй шуугьж, бүр гурван сая дахь иргэнээ нэр төртэйгөөр, ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авч байсан нь саяхан боловч, ирээдүй болсон хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарахаа мартаад өнөөг хүргэсэн байдаг.
Бид энэ удаа сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татаж, харууслыг төрүүлэн, бухимдлын шалтгаан болоод буй Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм.
Тус эмнэлгийн хувьд нийслэлдээ цөөнд тооцогдох хүүхдийн мэргэжлийн эмнэлгүүдийн нэг. Аль 1982 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл хүүхдийн өвчинтэй тэмцэж яваа эмч, эмнэлгийн ажилтнууд тэнд бий. Мэдээж бусад эмнэлэгтэй адил орчны зай талбайн хувьд ярих юмгүй том байлаа.
Саяхныг хүртэл хоолны газар, граш, морг гээд бүгд хашаанд нь байрласан, бас газар доогуураа нүхэн гарцаар холбогдсон байв. Гэтэл биднийг очиход эмнэлгийн байрны урд хэсгийн объектуудыг бүгдийг нь нурааж, цэлийтэл чөлөөлжээ.
Хамаг байдгаа ингэж шавхаж байгаа эмнэлгийн ажил байдал муу л байж таараа, үүдний хонгилуудаараа битүү хүүхэд хэвтүүлчихсэн байгаа юм байна даа хэмээх хар тээсээр орлоо. Цахим ертөнцөд шуугиад байсан олон өвчтэй хүүхэд, сахиур эцэг, эх хааччихав гэмээр эл хуль. Энд, тэнд цагаан халадтай эмч, сувилагч харагдах.
Аливаа албан газарт сурвалжилга хийхээр очиж байгаагийн хувьд үүдний жижүүр, зорьсон дарга, цэрэгтэй нь уулзах нь зайлшгүй. Үүдэнд нь жижүүр сувилагч пост хийж байгаа бололтой. Даргатай нь уулзах учраа хэлэхэд "өрөөндөө байгаа, очоод уулзаж болно" гэв.
Сувилагч эмэгтэйн нүд нь улайчихсан байхыг хараад хэлсэн боловч "Тийм ээ, ачаалал ихтэй болохоор улирч ажиллаж байгаа юм, тэгээд л улайсан байх" хэмээгээд өөрийгөө тоосон ч шинж алга. Ингээд тус эмнэлгийн дарга, ерөнхий эмч Б.Галсанцэдэнтэй уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж, үйл ажиллагааг нь ч сурвалжлах хүсэлтэй байгаагаа хэллээ.
ЕРӨНХИЙ ЭМЧ Б.ГАЛСАНЦЭДЭН: ХҮҮХДИЙН ЭМЧ НАР ОРГҮЙ ГЭЭД ӨВЧТӨНӨӨ БУЦААХ ЭРХГҮЙ ОНЦЛОГТОЙ
-Хүүхдийн өвчлөл нэмэгдчихээд байхад эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтчихсэн, хонгилдоо өвчтөнүүдээ хүлээн авч байна гэх мэдээлэл сүүлийн үед их гарч байгаа. Тэр дундаа танай эмнэлгийн зураг бүхий мэдээлэл олон байна. Гэтэл сая орж ирэхэд байдал харьцангуй өөр байх юм. Жигдэрсэн бололтой. Ямар нэгэн арга хэмжээ аваа юу?
-Бид байнга арга хэмжээ авч ажиллаж байна. Энд ачааллаа дийлэхгүй байх хэд хэдэн нөхцөл, шалтгаан бий. Манай эмнэлгийн хувьд 160 ортой. Гэтэл өнөөгийн байдлаар 260-аад өвчтөн хүлээн авч, эмчилгээ үзүүлж байна. Томуу, томуу төст өвчин гарсан нь үнэн. Нэмэгдэж байгаа нь үнэн. Тэр байтугай энэ өвчний дэгдэлттэй үе нь.
Түүнчлэн манай эмнэлгийн өвчтөн хүлээн авах чадамж нь хэвээрээ боловч үйлчилгээ үзүүлэх учиртай Сонгинохайрхан дүүргийн маань хүн амын нягтаршилаараа нийслэлдээ тэргүүнд бичигддэг болчихоод байгаа шүү дээ. Тодорхой хэлэхэд дүүрэг 330 мянган хүн амтай. Тэдний 110 мянга нь буюу 0-18 насныхан нь хүүхэд.
Гэтэл 160 ортой эмнэлэг 110 мянган хүүхдэд үйлчилнэ гэдэг үнэндээ хэцүү. Эмнэлгийн барилга ашиглалтад орсон үеэс хүн ам нь гурав дахин нэмэгдчихсэн байхад байшин нь яг л хэвээрээ байгаа.
Мэдээж төр, засгаас арга хэмжээ авсаар байгаа шүү дээ. Өнөөдрийн хувьд өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүрэг зэргээс нэмэр тус болж, ачааллыг аль болохоор хэрхэн бууруулах, өвчтэй олон хүүхдийг нэг дор цуглуулахгүй байх боломж, гэрээр эмчлэх тактик гэхчилэн бүхий л бололцоогоо ашиглаж байна.
Манайхан эмнэлэгт хандаж буй нийт хүүхдийн 70 хувьд зөвлөгөө өгч, яаралтай тусламж үзүүлэн буцааж, үлдсэн 30 хувийг хэвтүүлэн эмчилж байгаа. Тэгэхээр ирж буй хүүхдийн 30 хувийг авахад л орны хүрэлцээгүй болж байна шүү дээ.
Үүнтэй холбоотойгоор нийслэл дээр яаралтай зөвлөгөөн хийсэн. Ингэснээр нэмж 70 ор зохион байгуулахаар болж байна. Энэ чинь зөвхөн 70 ширхэг ор гаргаж ирээд, эсвэл авч ирээд тавьчихна гэсэн үг биш. Модон болон зөөлөн эдлэл, тэдгээр эмчилгээ хийлгэх хүүхдүүдэд зориулж эм тариа, хоол, унд, эмч, эмнэлгийн ажилтан гээд олон хүчин зүйл бий.
-Тэгээд боломж бололцоо нь хэр юм бол. Жилийн эцсээр төсөв байхгүй гэдэг шалтаг бүхий л байгууллагад анзаарагддаг. Танай эмнэлэгт тийм боломж хэр байгаа вэ. Ядаж л эм, тарианаас эхлээд байр савны тухайд ч хүнд биш үү?
-Сая хэлсэн 70 ор гаргаад нэмж эрхлэгч, дөрвөн эмч, найман сувилагч, дөрвөн асрагч гаргаад бүтэн тасаг ажиллуулахаар зохион байгуулна. Энэ тасаг амьсгалын замын өвчин буурах хүртэл буюу дөрөвдүгээр сарын сүүл хүртэл ажиллана. Өнөөдөр /лхагва гарагт/ тэр тасагт зориулж төсвөө зохиох гэж байна.
Манай эмнэлгийн хувьд 35 жилийн туршлагатай, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг нь нэг давхартаа төвлөрчихсөн, ийм газар хүүхэд хүндэрлээ гэхэд яаралтай арга хэмжээ авах боломж бололцоо нь байна. Хэрвээ өөр аль нэг эмнэлэгт хүүхдийн тасаг шинээр байгуулбал гэнэтийн тохиолдол гарвал их хүнд байвал үүснэ.
Бид ая тухаас гадна хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах гол үүргээ биелүүлэхийн төлөө ажиллана. Бид хоёр жилийн хугацаанд байгаа бололцоогоо ашиглаад тэвчиж ажиллахаас аргагүй.
Төсвийн хүрэлцээ, эмийн тухайд бол бид бүгдийг нөөцөлдөг. Яагаад гэвэл хүүхдийн эмч, эмнэлгийн ажилтнууд томуу, томуу төст өвчин гарахыг мэддэг. Тиймээс нөөцөлдөг. Манай эмнэлэг гурван сарын эм, тарианы нөөцтэй. Өвчтөний ар гэрээр гаднаас ямар ч эм тариа авахуулахгүй байгаа. Харанхуй шөнөөр хүүхэд өвдөөд ирж байхад хаанаас эм тариа хайгаад явж байх вэ дээ.
Тийм эмнэлэг байж болохгүй. Түүнчлэн өдөрт хоолоор гурван удаа, сүү, тараг цайгаар хоёр удаа хангах ёстой. Тэр зардлаа ч болгож байна. Дээр хэлсэн өнөөдөр 100 гаруй ор илүү авч ажиллаж байна гэж. Энэ бол бас л эмнэлгийн нөөцөөс гарч байгаа.
Хэдий төсвийн хүрэлцээ муу гэж байгаа ч бид ийм ачаалалтай ажиллах асуудалтай энэ удаа л тулгарч, таарч байгаа юм биш шүү дээ. Байнга л өвчний тархалтын үед ингэж ачаалал нэмэгддэг. Бид бэлддэг. Боломжоороо асуудлаа шийдвэрлэдэг.
-Хүүхдийн эмч, сувилагч дутагдалтай гэх нь бий. Гэтэл та тасаг нээн ажиллууллахаар төлөвлөөд байна. Одоо ажиллаж байгаа хүмүүс чинь ч байнга л илүү цагаар ажиллаж байх шиг байх юм?
-Эмнэлэгт ажиллаж байгаа бололцооныхоо хувиар л нэмэгдүүлж байна. Жижүүрийн эмчээ нэмэгдүүллээ, сувилагчаа хоёроор нэмж ажиллуулж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүүхдийн зургаан эмч явууллаа боломжтой, шаардлагатай бол ажиллуулна биз гэж байна.
ЭМШУИС-ийн захиралтай эмчилгээний ангийн зургаадугаар дамжааны оюутнуудыг дайчилъя гэж ярьсан. Мөн Сувилахуйн сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг ч дайчилна гэж яриад байгаа. Ингээд л бүхий л боломжоороо тал бүрээсээ хүч тавин ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүдэд резидент эмч ажиллуулахаар гаргаж байна.Тэд тэндээ байршин ажиллах юм.
-Өрхийн эмнэлэгт резидент эмч ажиллуулна гэж байна. Танай эмнэлгийн хувьд хэр холбоотой ажиллаж байгаа вэ. Ихэнх хүн л өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч, эмчилгээ хийж байтал хатгалгаа авчихлаа гэх бий шүү дээ?
-Өдөр холбоотой ажиллаж байгаа. Интернетээр вэб нээгээд түүндээ өглөөнөөс ирсэн хүүхдүүдийнхээ бүртгэлийг байршуулчихдаг. Тэндээс өрхийн эмч нар мэдээллээ аваад өөрийн хорооны хэний хүүхэд яаж, өвдсөн явц нь ямар байгаа, гэрээр нь очих эсэх гээд бүгдийг харж болдог. Ингэж урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Мөн 7-14 хоногтоо өрхийн эмч нараа цуглуулж хүүхдийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, зөвлөмж өгдөг. Эх нялхсын эрүүл мэндийн төвөөс ч сургалт явуулдаг. Өрхийн эмч нар маань ч хүүхэд хүндэрвэл өөрсдөө аваад ирэх тохиолдлууд бий.
-Ингэж ихээр анхаарч ажиллаж байхад яагаад ачаалал буурахгүй байна вэ?
-Хүүхдийн эмч нар тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхэд ирсэн бол буцаана гэсэн ойлголт байдаггүй онцлогтой. Дүүргийнхээ онцлогоос шалтгаалаад буцаамаар хүүхэд байсан ч хэвтүүлж эмчлэхээс аргагүй тохиолдол бий. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн ядуу гэх тодотголтой. Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь хөдөлмөр эрхэлдэггүй өрх байна.
Хүүхэд нь өвдчихөөд байхад эм авч өгөх боломжгүй айлуу ч бий. Ийм байхад өрхийн эмч нар хүүхдээ бодохын тулд хэвтүүлж эмчилгээ хийлгэнэ гэх мэтээр асуудал гарч л байна. Бид чинь
-Хүүхдийн эмнэлэг гэдэг утгаараа заавал сахиуртай байгаа. Тэдний хувьд бухимдал их байх юм аа?
-Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүдийн ухамсар бидний үесийнхээс их өөр болсон. Биднийг залуу эмч нар байх үе буюу 1980-аад онд бол эцэг, эхчүүд хүүхдэдээ арай илүү их анхаарал хандуулдаг байж. Одоо бэлэнчлэх сэтгэлгээ нь ихдээд, омогтой аав, ээж нар олон болж. 20 гаруйхан настай залуухан ээж орж ирээд л 30 гаруй жил ажиллачихсан эмчийг "чи” гээд л загнаад эхлэх үе бий. Гэхдээ бүгд ингэхгүй л дээ.
ШИНЭ ЭМНЭЛЭГТ ХҮҮХДИЙН 40 ОР ТӨЛӨВЛӨГДЖЭЭ
Бид түүнтэй цөөхөн хором ярилцсан. Тэрбээр авч буй арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан. Харин бодит байдалтай бид өөрсдөө танилцахаар шийдсэн юм.
Тус эмнэлгийн урд хэсгийг буюу 15 мянган метр талбайг чөлөөлсөнд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээнд 250 ортой дүүргийн жишиг эмнэлэг баригдахаар болсон аж. Одоогийн байдлаар нураалтын тендерийг амжилттай зарлаж, зохион байгуулчихсан.
Олон улсын барилгын тендер зарлачихсан. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил эхлэхээр төлөвлөгджээ. Харин ашиглалтад 2018 онд орох байх гэсэн хүлээлт бий. Ингэсэн тохиолдолд дотор, мэдрэл.хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, мэс засал, хавдар, яаралтай тусламж гээд эмнэлгийн долоогоос доошгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг 150 гаруй мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай байх юм.
Дүүрэгтээ бол ийм эмнэлэг зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь энэ эмнэлэгт төлөвлөгдсөн 250 орны 40 нь л хүүхдийн юм билээ. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд ачаалал буурахгүй байх гэж байгаа ч ядаж хүүхдийн өвчлөл багасах хандлага харагдана хэмээн тооцож байгаа аж.
Нэгэнт Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх учраас эмч, эмнэлгийн ажилтнуудыг ч эртнээс бэлтгээд эхэлчихсэн, тэд нар суралцаж байгаа гэсэн сайхан мэдээ бий.
АМБУЛАТОРИЙН ӨРӨӨГ СУЛЛАНА
Тус хүүхдийн эмнэлэгтэй залгаа Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр амбулатори бий. Одоо шинээр нээх тасгаа тус амбулаторийн өрөөнүүдээс суллаж ашиглахаар төлөвлөөд байгаа юм байна. Өнөөдөр бараг бүх ажил нь дуусч шинэ тасгаа хүлээж авах байх.
Биднийг очсон өдөр сургалт арга зүйн болон сувилагч нарын амралтын өрөө зэрэг зайлшгүй шаардлагатай ч түр хааж болох өрөөнүүдээ палат болгон өөрчилж, эвхэгддэг ор тавин эмчилгээгээ хийж байгаа нь анзаарагдсан.
Тэд хүүхдийн хэмээх тодотголтой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан болоод ч тэр үү жилийн хэдий үед ямар өвчлөл нэмэгддэгийг хэдийн мэддэг болчихсон, түүндээ бэлтгэлтэй байдаг болсон юм билээ. Томуу, томуу төст өвчин аравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг бол гэдэсний халдварт өвчин тавдугаар сарын эхнээс наймдугаар сарын дунд хүртэл байсаар эмнэлгийн ачаалал бол ер нь буурдаггүй. Тиймдээ ч шаардлагатай тохиолдолд ашиглах эм, тариа, бусад эд хогшил, хөрөнгө санхүүгээ нөөцөлчихдөг.
Эмнэлгийнхний хувьд нөөцөлж чадахгүй ганц л зүйл бий. Тэр нь эмнэлгийн өрөө, тасгийн хүртээмж. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ирэх жилийн өдийд ч хүүхэд хонгилд хэвтүүлэн эмчилж байна гэх яриа тасрахгүй хэвээр байх бололтой. Түүнчлэн хүн амын нягтаршлыг тооцон эмнэлгийн байгууллагаа тооцож барьж, ашиглахгүй бол энэ асуудал хэзээд хөндөх сэдэв байсаар байна.
Зарим хүн бүх дүүрэг хүүхдийн эмнэлэгтэй байхад Сонгинохайрханых л муу гэх нь ч бий. Үнэн чанартаа хамгийн их ачаалалтай байдаг нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгүүд гэнэ. Хан-Уул дүүрэгт хүүхдийн эмнэлэг бий. Гэхдээ тус дүүргийн нийт хүн ам нь 110 мянга гаруй. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн зөвхөн хүүхэд өдий дайны тоонд хүрчихсэн байх жишээний.
Эрүүл мэндийн салбар зөвхөн байрны хангамжаас гадна эмч, сувилагч нарын хүртээмжийг ч анхаарах шаардлагатай гэдэг нь тус эмнэлэгт байх хугацаанд ажиглагдаж байсан юм. Учир нь өнөөгийн мөрдөж байгаа нормоор бол нэг эмч, сувилагчид 20-25 хүүхэд ногдох учиртай.
Гэтэл тэнд хэвтэн эмчлүүлэгсдийн тооноос хамаараад нэг эмч, сувилагчид 50 хүүхэд оногдож байна. Уг нь дэлхий нийтэд эмч, сувилагчийн харьцааг 1:3 гэж тооцдог. Харамсалтай нь тус эмнэлэгт 25 эмч, 45 сувилагч ажилладаг. Үндсэндээ тэнд ажиллаж буй эмч, сувилагч нар олон хүний ажлыг хамран хийж байгаа нь илэрхий.
Ажилтнаа нэмэх гэхээр цалингийн фондоо дийлэхгүй. Ердөө л бүхий л асуудал нь санхүүгийн байдлаасаа болж уягдаж буй учраас энэ мэт зүйлд баригдан ажилласаар байгаа аж.
Дашрамд дурдахад хүүхдийн төрөлжсөн эмнэлгүүдийн хувьд яг хэвтүүлэн эмчилдэг хувийн эмнэлэг бараг байхгүй. Яагаад гэвэл хүүхдийн өвчний хувьд томчуудынхыг бодвол эрсдэл ихтэй. Тиймээс өмнө нь нээсэн эмнэлгүүдэд эндэгдэл гарч, тухайн тасгаа хаасан тохиолдол ч бий. Ийн хувийн хэвшлийнхэн ч эмээж байгаа энэ цаг үед хүүхдийн эмнэлгээ гоочилж байхаар хүрэлцээ, шаардлагад нь нийцсэн барилга байшингаар хангавал илүү хүртээмжтэй санагдсаныг нуух юун.