С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарна

С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарнаХэвлэл, мэдээллийн хэрэгслээр "С.Зориг бусдад алагдсан гэх хэргийн шүүх хуралдааныг хаалттай шийдвэрлэх болжээ" гэсэн мэдээлэл гарч байна. Ямар тохиолдолд шүүх хуралдааныг хаалттай явуулдаг болох, "төрийн нууцад хамаарах хэрэг" гэж ямар хэргүүдийг хэлдэг талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалаас тодрууллаа.

Ямар хэргүүдийн "төрийн нууцад хамааралтай " гэсэн ангилалд оруулдаг вэ?

Хэрэг өөрөө нууц гэж байдаггүй. Шинжээч тухайн хэрэгт авагдсан баримт материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасан "нууц" зэрэглэлд хамаарах баримт гэж дүгнэлт гаргасан бол хэрэг "нууц"-ын зэрэглэлд орно.

"Төрийн нууц" гэж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль"-д заасан төрийн нууцад хамааруулсан, улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлдэг.

Тэгвэл шүүх хуралдааныг хаалттай явуулна гэх ойлголтын талаар тодруулаач.

Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай, хэрэв зарим нотлох баримт тэдний нууцтай холбоотой бол зөвхөн тэдгээр нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг хаалттай явуулахыг ойлгоно.

"С.Зориг бусдад алагдсан" гэх хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааныг хаалттай шийдвэрлэх болсон гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Энэ хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй юм уу, Хэргийг яагаад нууцад хамааруулаад байгаа юм бэ?

"С.Зориг бусдад алагдсан" гэх хэргийн хувьд "Төрийн нууцад хамаарах баримт материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч байгаа юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д"Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна" гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу шүүхээс хэргийг хаалттай хэлэлцэх болсон гэж үзэж байна. Гэхдээ шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах асуудлыг шүүх өөрөө шийдвэрлэнэ.

http://www.shuud.mn/content/read/477008.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen